Цаг үе
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Цаг үе
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






Цаг үе
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.




Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.





Цаг үе
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ
Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “МCS Холдинг” ХХК-ийн санхүүжилтээр 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ. Төслийн гүйцэтгэгчээр "Смарт энд симпле" ХХК ажиллаж, 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Чойжин ламын сүм” музей нь 100 гаруй жилийн түүхтэй, хоёр га талбайд байрладаг, нийслэлчүүд төдийгүй гадаад, дотоодын жуулчдын зорин ирдэг соёлын чухал өв юм. Музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилснээр Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, түүхэн барилгын архитектурын онцлог, уран хийц, соёлын давтагдашгүй үнэ цэнийг оройн болон шөнийн цагаар илүү тодотгон харуулах боломж бүрдэж байна. Нийслэлээс түүхэн дурсгалт газар, олон жилийн түүхтэй барилга байгууламжийн өвөрмөц хийц, онцлогийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дамбадаржаалин хийдийн сэргээн засварлалтын ажлын зураг төсвийг боловсруулах, Гандан орчмын газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд үргэлжилж байна” гэв.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч О.Одгэрэл “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг Итали улсын iGuzzini брэндийн соёлын өв, түүхэн дурсгалт барилга байгууламжийг гэрэлтүүлэх зориулалттай гэрлээр тохижуулсан. Мөн тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн” гэлээ.

“Смарт энд Симпле” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Давхарбаяр “Энэхүү гэрэлтүүлэг нь музейн барилгын архитектурын нарийн хийц, бүтээц бүрийг илүү тодотгож, өмнө нь гэрэлд харагддаггүй байсан хэсгүүдийг ил гаргаж байгаагаараа онцлог. Мөн олон жилийн түүхтэй дурсгалт барилгын өнгө, будганд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар гэрэлтүүлгийн тусгалыг шийдсэн” гэсэн юм.





-
Улстөр нийгэм2021/09/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулз...
-
Улстөр нийгэм2022/12/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг хүлээн ав...
-
Улстөр нийгэм2022/06/02
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2020/05/05
Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв...
