Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Урлаг спорт2020/01/16
Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 45 сая төгрөг хандивлажээ
-
Цаг үе2022/04/12
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/06/15
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Урлаг спорт2021/08/25
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт...
