Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн билээ.

Тус орд нийт 2887,85 га талбайг хамардаг бөгөөд ил уурхайн Хүдэр баяжуулах үйлдвэрийг бүрэн ажиллуулж эхэлснээр анхны баяжмалаа гарган авчээ. Тус үйлдвэр нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор нэг кг мөнгө, гурван гр алт, нэг кг гаруй зэс, цайр агуулагддаг. Баяжуулах үйлдвэр нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг байна. 

Усан хангамжийг уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн 3 усан санг байгуулжээ. Баяжуулах үйлдвэр хуурай хаягдал гаргадаг. Байгаль орчинд ээлтэй технологид суурилан, хэрэглэсэн усны 85 хувийг дахин ашигладаг байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайхан, “Одоогоор манай ордод 220 орчим хүн ажиллаж байна. Цаашид ажлын байрыг 350 хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс сургалт явуулж байна. Ажилчдын дундаж цалин 2 сая орчим төгрөг байдаг. Ажил үүргийн холбоотой 40 гаруй компанитай хамтран ажиллаж байгаагаас 15 орчим нь туслан гүйцэтгэх ажлыг тогтмол хийдэг. Нийтдээ 1000 гаруй өрхийн амьжиргааг сайжруулахад нөлөөлж байна гэсэн судалгаа гарч байгаа” хэмээн танилцуулав.

Өнгөрөгч оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс силвер ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаасан. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд, “Эрдэнэс силвер ресурс” компани Монголбанкинд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авахаар тусгасан билээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Ордыг анх төрийн мэдэлд авахад балгас шиг байсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүллээ. Үйлдвэрийнхээ анхны баяжмалыг гаргаад авчихсан. Монгол Улсын нийт иргэд, үр хүүхдүүддээ ирээдүйн баялаг болгон үлдээх ажил эхэлсэн. Энэ ажлыг хийхэд дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд, нийт инженер техникийн ажилтнууддаа талархал илэрхийлмээр байна. Энэ бол хамтын хүч. Баялгийн сангийн эхлэл Салхит ордоор эхэлж байна гэж ойлгож болно.

Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай байгаа. Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц  тогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ ордыг төрийн мэдэлд шилжүүлэхэд их удсан. Жил гаруйн хугацаанд газар дээр нь ирж ажиллагаа явуулсны дүнд иргэдийн хяналт дор төрийн мэдэлд шилжүүлсэн. Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн баялаг ашиглалтын анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмыг баримталж 228 орчим мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 770 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Хямралын үед эрчимтэй ажиллаж, үр ашиг бүтээж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлын тод жишээ болж байна.

Төсвөөс ямар ч санхүүжилт авалгүй, банкны зээлийн барьцаанд тавилгүйгээр зөвхөн өөрийн нөөц боломжоор нь ордын үйл ажиллагааг явуулж, бүтээн байгуулалт, баялгаа үйлдвэрлэж байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлнэ. Олон залуучууд ажлын байртай болж байна. Ингэж ард түмэн, улс орондоо өгөөжтэй сайн жишиг тогтоосноор цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орд газруудаа зөв менежменттэй ашиглах  боломж байгааг харууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэнтэй нийцэж байгаа юм” гээд богино хугацаанд үр дүнтэй, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр үйлдвэрийн хамт олон монгол инженерүүдийн өөрсдийн технологид суурилан гаргаж авсан мөнгөний баяжмалын дээжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт, хоёр дахийг тус ордын анхны эзэмшигч Ш.Мөнгөншагайд гардуулан өгөв.

Ш.Мөнгөншагай, “Гурван жил гацсан ажил эхэлж байгааг харах сайхан байна. Монгол Улсад маань баялаг ихтэй, олон сайхан уурхай, орд байна. Шууд үр шимийг нь ингэж хүртсэн уурхай хэд байгаа билээ. Энэ орд анхных нь болж байна. Цаашид жишиг болоод явбал ард түмэнд хэрэгтэй. Энэ их хямралын үед өндөр настнууд өр зээлтэй байсан бол маш хүнд байх байсан. УИХ-ын дарга Г.Занданшатар болон төр засаг, миний бие ч гэсэн энэ ажлыг дэмжиж, гар бие оролцсондоо баяртай байна” хэмээн талархал илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох