Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол зохион байгууллаа

Огноо:

,

УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн.  

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Нийтийн сонсголд УИХ-ын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, төлөөллүүд болон ажиглагч, оролцогчоор бүртгүүлсэн 15 иргэн оролцлоо.

Нийтийн сонсголын эхэнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа нар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх танилцуулгыг хийв.

ЦЕГ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөрчил, давхардлыг арилгах саналыг дэвшүүлэв. Мөн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхээ эдлэх хэлбэрийг баталгаажуулах, төр, иргэн хоорондын харилцан, хамтран ажиллах дэг горим болон жагсаал, цуглаан зохион байгуулахтай холбоотойгоор нутгийн захиргааны болон бусад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой тусгах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар хуулийн хэрэгжилтийн танилцуулга хийх үеэрээ онцлон дурдлаа.

Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа танилцуулгынхаа үеэр тайван, хүчирхийллийн бусаар явуулж буй жагсаал цуглааныг хамгаалах, дэмжих, боломж олгох үүднээс тус хуулийг сайжруулах, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг гарцаагүй тохиолдолд хязгаарлах үндэслэл, журмыг маш тодорхой хуульчлах, жагсаал, цуглааныг сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг МУ-ын иргэн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх үр дүнтэй баталгаа болгоход чиглэгдсэн тодорхой таван саналыг дэвшүүлэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Д.Ганбат болон бусад оролцогчид асуулт асууж, хариулт авлаа.

Сонсголын хааж УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ, “МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан хүний эрхийн үндэсний чуулганд тавигдсан илтгэлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаал цуглаан зохион байгуулагчид, хөдөлгөөнүүдийн зүгээс өгсөн саналуудыг үндэслэн өөрийн санаачилсан хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл боловсруулагдаад Засгийн газрын хуралдаанаар орохоор бэлтгэгдэж байгаа. Цаашдаа эдгээр хуулиудыг нэгтгэн батлуулахад онцгой анхааран ажиллана.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх батлан гаргаснаас хойш нийтдээ таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан хэдий ч төрийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх, жагсаал цуглаан хийх эрхээ эдлэхэд өөр ашиг сонирхлоор жагсаал, цуглаан зохион байгуулснаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх, нийгмийн хэв журам алдагдах зэрэг тохиолдлууд гарч байсныг бид эргэн санах учиртай. Иймд төрийн нэрийн өмнөөс нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс чиг үүргээ биелүүлж байгаа цагдаагийн эрх, үүргийг тодорхой болгох, бүртгэж байгаа Засаг даргын эрх үүрэг болон хүсэлт илгээсэн байгууллага, хөдөлгөөнүүдийн хариуцлагыг тодорхой болгож өгөх шаардлага байна гэдэг нь өнөөдрийн сонсголоос тодорхой болж байна. Мөн хил хязгаараа тодорхой болгох, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбогдуулан заавал биеэр бус цахимаар хүсэлтээ өгөх, хуулийн хийдэл, давхцлыг арилгах, жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг нэр томьёоны хувьд тодорхой болгож ангилах зэрэг иж бүрэн зохицуулалтыг хийх шаардлагатай байна” хэмээв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох