Улстөр нийгэм
УИХ-ын түр болон байнгын хороодын хуралдаан болно
УИХ-ын түр болон байнгын хороодын өнөөдрийн /2021.06.29/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Оюу толгой төслийн гэрээ, хэлэлцээ болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өнөөгийн явц, байдлын талаар Засгийн газрын ажлын хэсгийн даргын танилцуулга;
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
- “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
5. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2025/03/11
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ
-
Улстөр нийгэм2024/02/05
"Бодь даатгал" ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
-
Улстөр нийгэм2022/08/26
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улстөр нийгэм2020/07/02
УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа
