Улстөр нийгэм
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон.
Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү албан даалгавартай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхны хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.
ШАХМАЛ ТҮЛШ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН, ЧАНАРЫГ НЬ МЭДЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Нийслэл хотын хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гарч, хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх шатанд ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь шахмал түлшний нөөц бэлтгэх, гэр хорооллын иргэдийг түлшээр хангах ажил байдаг. Нийслэлчүүдийн хувьд шахмал түлшийг дөрөв дэх жилдээ түлэх гэж байна. Хэрэглээнд нэвтэрсэн, үр ашиг, чанарыг нь мэдсэн бүтээгдэхүүн. Гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлыг ая тухтай, дулаан өвөлжүүлнэ гэдэг том асуудал. Ирэх өвлийн хувьд нийслэлийн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд багтаж, хэрэглэх түлшний хэмжээ 700 мянгад хүрэх төлөвтэй байна. Нийслэлийн хувьд шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулагчдын урамшуулал, цалин хөлсний асуудлыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна. Аравдугаар сарын 1 гэхэд нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүрэг өгсөн. Гэтэл агуулах тун хүрэлцээгүй байна. Ковидын үеэр агуулах олдоцтой байсан бол энэ жилээс ховорхон болж байна. Гэвч бид бүх боломжит хувилбарыг судалж, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн юм.
Түүнчлэн шахмал түлшний борлуулалтыг эртнээс оновчтой зохион байгуулах, өндөрлөг газарт аж төрж буй иргэдэд хүргэх, тэр дундаа ахмад настан, олон хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор өндөрлөг газруудад борлуулалтын цэг байгуулах саналыг ч гаргаж байлаа. Өндөрлөг газруудад тээвэр хийх компанийг тусад нь шалгаруулж, тарифыг ялгаатай тогтоох боломжтойг ч мөн хэлж байлаа. Тээврийн компаниудад тавьж буй шалгуурыг хэт өндөр байлгах нь зохимжтой буй гэдгийг ч мөн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө дурдсан юм.
ЦААШИД ДАРХАН, ЭРДЭНЭТЭД Ч ШАХМАЛ ТҮЛШ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд түлш нийлүүлэлт, борлуулалтад шинэлэг хэлбэрийг ашиглах, нийслэлийн хувьд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах, энэ жилээс түлш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, түлш борлуулах картыг ашиглан түгээлтийг оновчтой болгох, борлуулагч нар ашиг олохын сацуу түлш хадгалах агуулахтай болгоход болохгүй зүйлгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Салбарын сайд цааш нь хэлэхдээ “Үйлдвэрлэлийг түргэсгэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн ажиллуулж эхлэх үүрэг даалгаврыг өгсөн. Зүүн үйлдвэр нь жилд 900 мянгаас нэг сая 200 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот жилдээ 600 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг. Тиймээс цаашид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярих бус Дархан, Эрдэнэт, бусад галт тэргээр холбогдож буй бүхий л хот сууринд шахмал түлш нийлүүлэх, аймгуудын төвүүдийг агаарын бохирдлоос салгах асуудлыг хөндөн тавих цаг болсон” гэлээ.

“Өнөөдрийн байдлаар манай баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, 60 мянган тонн түлш нөөцлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонныг нөөцөлсөн байх ёстой. Бид наймдугаар сарын 1-ээс зүүн бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийн бүсийн агуулахад 6000 тонн түлш нөөцлөөд байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хэлж байлаа.




НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2021/12/21
Байнгын болон түр хороо хуралдана
-
Цаг үе2024/02/29
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Очирбат ажлаа хүлээж авлаа
-
Улстөр нийгэм2023/12/27
БСШУСБХ: Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуу...
-
Үзэл бодол2022/03/30
Н.Баярмаа: Ажлын ачааллын хажуугаар Нагояагийн их сургуулийн докторын зэрэг хамг...
