Улстөр нийгэм
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад:
- 2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 265 офицер, ахлагч 13 ээлжээр,
- 2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 1,252 алба хаагч 10 ээлжээр,
- 2010-2015 оноос “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” ажиллагаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 54 цэргийн алба хаагч 9 ээлжээр, хамгаалалтын салааны 439 алба хаагч 8 ээлжээр,
- 2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 1,356 алба хаагч 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.

Үүнтэй холбогдуулан тус улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга оролцож, үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ:
“Хүндэт зочид оо!
Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!
Эрхэм Элчин сайд аа!
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
1991 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол, АНУ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн.
Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, 2002 онд Улсын Их Хурлаас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах эрх зүйн үндэс бүрдэж, тухайн жилдээ манай цэргийн албан хаагчид анхлан НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.
Харин 2003-2008 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох болсон. Аль Хилла хот дахь “Чарли” болон “Эко” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг монгол цэргүүд нэр төртэйгөөр гүйцэтгэсэн байдаг. Монголын Зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн баг, нийт 1,195 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан билээ. Нэгэн тод жишээ нь, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 750 килограмм тэсрэх бодис бүхий амиа золиослогчийн халдлагыг таслан зогсоосон ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ендон нарын гавъяа юм. Тэд 2000 гаруй цэргийн алба хаагч байрлаж байсан баазыг үхлийн аюулаас аварсан юм. Монгол дайчдын эр зоригийг үнэлж Польш улс “Мөнгөн загалмай” одонгоор шагнаж байв.
2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөний дараа Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй Эвслийн цэргийн хүчин Афганистан дахь Талибаны засаг захиргаа, “Аль Кайда” зэрэг олон улсын террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс Эвслийн цэргийн “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-ийн цэргийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” гэсэн гурван ажиллагаанд цэргийн багуудаа илгээсэн.
Афганистанд үүрэг гүйцэтгэсэн анхны баг нь артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг байв. Түүнээс хойш 2003-2011 онд 13 ээлж, 2010 оны 10 дугаар сараас нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын 9 ээлжийн бие бүрэлдэхүүн Афганистанд үүрэг гүйцэтгэжээ.
2009 оны 9 дүгээр сараас “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротыг илгээж, нийт 10 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн бол хамгаалалтын салаа нь 8 ээлжээр Кабул хотын олон улсын хүчний нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, хариуцлагын бүсэд эргүүл хийх, хайгуулын ажиллагаа явуулах зэрэг үндсэн үүргүүдийг гүйцэтгэлээ.
2015 оны 1 дүгээр сарын 1-нээс “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс 12 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн байна.
Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр бид даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр монголын ард түмэн бахархаж, омогшиж байгаа. Өвөг дээдсийн дайчин нэр төрийг хамгаалж, өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол цэрэг – дэлхийн цэрэг, монгол цэрэг Чингисийн цэргүүд билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн жавхаа, хийморь ашид мандан бадрах болтугай!” гэлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар оролцов.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2023/10/12
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2021/05/19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2019/12/20
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэллээ
-
Улстөр нийгэм2022/11/17
Хөгжлийн банк: 2,8 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байна
