Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг ЦХХХ-ы сайд Н.Учрал хүлээж авж уулзав

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нүүрсний хулгайг уг үндсээр нь таслах цахим бирж байгуулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 12 дугаар сарын 9-нд уулзлаа.
 
“Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр нүүрсний хулгайн талаар улс төрийн эр зориг гарган, нийгэмдээ хандан зарласан Засгийн газрын салбар хариуцсан сайдын манлайлал дор мэдээллийн технологийн компаниудын нэгдэл, төр, иргэний оролцоо, хяналттайгаар цахим бирж байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Аль нэг компани давуу эрх эдлэхгүй, төсвөөс мөнгө гаргахгүй, шинээр дугуй зохиолгүйгээр өөрсдийн түншлэгч Сингапурын компанийн системийг ашиглан, нүүрсний арилжааг ил тод болгох саналыг тавилаа.
 
Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир нүүрс төдийгүй уул уурхайн түүхий эд, хөдөө аж ахуйн цахим биржийн оновчтой тогтолцоог бүтээх шийдэл компаниудад бийг онцлоод, цахим бирж байгуулах санаачилгад нэгдэхээ илэрхийллээ.
 
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тэгвэл цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцөлийг уг үндсээр нь устгана. Чоно борооноор, хулгайч шөнөөр гэдэг. Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Гэрэлтэй газар, гэгээтэй өдрөөс хулгай, дээрэм, жоом бясаа дайждаг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна. Гэм буруутныг олж, гэсгээн шийтгэхийн хамт бурууг үндсээр нь засч, зөвийг сууриар нь тогтоохыг цаг үе, хүндрэл сорилт, жагсаал цуглаан, ард түмний хүсэл, тэмцэл Та биднээс шаардаж байна” гэж хэллээ. Тэрбээр ард тодорхой шийдэлгүйгээр жагсаал цуглаан өндөрлөж болохгүйг сануулсан юм. Н.Учрал сайд мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийг ирэх 7 хоногоос эхлэн хэлэлцэх, Засгийн газрын хуралдаанаар цахим арилжааны журам батлахтай холбогдуулан саналаа ирүүлэхийг хүслээ.
 
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал 8 жилийн туршид яригдаж байсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн барьсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоонд үндэслэсэн бирж байгуулах боломж нээлттэй байгааг мэдээллээ. Төрийн компани байгуулахгүй, олон оролцогчтой байж, 30 жилийн туршлагатай Хөрөнгийн бирж, хувийн компаниудын хамтын ажиллагаагаар цогц тогтолцоо бүтээх боломжтойг онцлов.
 
Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай 34 хувийг нь олон нийт эзэмших нээлттэй компани болж байгаа Хөрөнгийн бирж шийдвэрлэх оролцоотой байж, гадаадын худалдан авагчдад нүүрсээ шилэн нэг цонхоор худалдах зарчмын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
 
Уулзалтын үр дүнд Цахим, хөгжил, харилцаа холбооны сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд хамтарсан тушаал гаргаж, цахим бирж байгуулах санал дүгнэлт гаргахаар боллоо.
 
Хувийн хэвшлийн шинэ санаачилгын зэрэгцээ Сангийн яамны Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлохоос худалдан авагч хүртэлх бүх үйл явцыг эхнээс дуустал нь хүний оролцоогүйгээр хамруулж, цахимаар бүртгэх, хянах, татвар тооцох тогтолцоог боловсруулж ашиглахад бэлэн болгоод байна.
 
Цахим бирж байгуулах талаарх уулзалтад ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох