Улстөр нийгэм
Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан энэ сарын 14-ний өдөр цахимаар боллоо.
Ажлын хэсгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн нийт 53 нэр дэвшигчийг бүртгэсэн тул өнөөдрийн хуралдаанаар "Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн Илтгэгч гишүүнийг томилов. Ингэхдээ Ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй байдлаар нэр дэвшигч нарыг тохиолдлын журмаар буюу сугалаагаар тодруулан илтгэгч гишүүнийг томилсон. Ингэснээр сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулах, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авах, нэр дэвшигч хуульд шаардлагыг хангаж буй эсэхийг тодруулах зорилгоор түүний талаар мэдээлэл өгөх боломжтой хүнтэй ярилцлага хийх зэргээр тухайн нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.

Хууль зүйн байнгын хорооноос Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны сонгон шалгаруулалтын үзэл баримтлал, агуулга зарчим, түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын агуулга, зарчмын талаар сургалтыг зохион байгуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тогтолцоог бүрдүүлж, шүүгчийн дээр зөвхөн хууль байж, хуулиа баримталж шийдвэр гаргадаг шударга засаглалыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал” гэдгийг тодотгов.
Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ болон ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг хүссэн байна.
1.НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ - http://parliament.mn/n/wasyn
2. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ http://www.parliament.mn/n/irion
3. АСУУЛТ, САНАЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ - Galsanbatb@parliament.mn Утас: 51-267155, 51-262727
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Шударга мэдээ2023/08/28
Зөөврийн компьютерын үнэгүй сервисийн өдөрлөг боллоо
-
Урлаг спорт2019/08/13
Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ
-
Улстөр нийгэм2020/11/10
"Карьер экспо 2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг боллоо
-
Улстөр нийгэм2024/11/25
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэ...
