Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдахад хариуцлагыг нь хүлээж чадах уу!

Огноо:

,

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах ёстой 17.2 тэрбум төгрөгийг эргүүлж өгнө үү, сайд аа

Улаанбаатар хот төдийгүй, улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж, амьсгалах агаарынхаа төлөө иргэд чамлахааргүй тэмцэл хийж, төр засгаас ч олон арга хэмжээ авсан. Үүний нэг нь шөнийн тарифын хөнгөлөлт.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” үр дүнгээ өгч, жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд шөнө, оройн цагаар халаалтын асуудлаа цахилгаанаар шийдэх болсон учраас энэ журамд 2020 онд өөрчлөлт оруулж байлаа. Тодруулбал,  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт мөрдөгдөх учиртай.

Гэвч өнөөдөр энэ хөнгөлөлтийг гэр хорооллын иргэдэд үзүүлж, орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байна. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөнгөлөлт үзүүлсэн төлбөрөө эрчим хүчний салбар олж авч чадахгүй өнөөдрийн байдлаар 17.2 тэрбум төгрөгийн авлага үүсчээ. Эрчим хүчний компаниуд мөнгөө нэхэхээр Сангийн яамныхан  “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн багцад суулгаж өгсөн” та нар тэндээс мөнгөө олж ав гэдэг хариу өгдөг гэнэ. Харин Н.Уртнасан сайд энэ мөнгийг “халаасандаа” хийж, “хэтэвчиндээ” дарчихаад Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэндчилгээ илгээсэн шигээ сууж байна.

Эрхэм сайдаа, өнөөдөр Монголчуудын хувьд озоны давхаргын цоорлоос илүүтэй онд мэнд бүрэн бүтэн өвөлжиж чадах уу гэдэг асуудал тулгараад байгааг танд сануулъя. Учир нь эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэж, энэ улс орон дулаан цахилгаангүй гал алдах эрсдэл үүсчихээд байна. Гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд олгох тарифын зөрүү улсын төсөвт бүрэн тусгагдахгүй, эрчим хүчний үйлдвэр компаниудад олгогдохгүй байгаагаас 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа насжилт өндөртэй дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниудын орлого 17.2 тэрбум төгрөгөөр дутаж, цаашлаад эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнуудад өгөх өр төлбөр нэмэгдэж, хэвийн найдвартай ажиллагаа алдагдахад хүрчээ.

Н.Уртнасан сайдын мэдэлд байгаа 17.2 тэрбум төгрөг санхүүгийн хямралд өртөөд байгаа эрчим хүчний салбарт бас л чамлахааргүй дэмжлэг болох учраас бүгд л энэ мөнгийг хүлээж байгаагаа нуухгүй байна. Эрчим хүчний салбарын энэ хүндрэлтэй асуудлаас гадна иргэдийн асар их хүлээлт байгааг мартаж болохгүй. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Статистик мэдээллээс харахад энэ хөнгөлөлтөд 2017 онд 101,326 айл өрх хамрагдаж байсан бол 2021 оны эхний улиралд 170 мянга гаруй айл өрх хамрагджээ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад дэм болж, ая тухтай өвөлжихийг хүсч байгаа 170 мянган өрх цахилгаан халаагуур суурилуулж, зарим нь тоолуураа хүртэл сольж, арваннэгдүгэээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээж байгааг танд сануулъя.

Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдах дээрээ тулаад байна. Хэрвээ станцууд доголдож, Монголчууд гэрэл, дулаангүй болбол, хэрвээ шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжүүлж өгөх боломжгүй болж 170 мянган айл өрх дахиад л нүүрсний яндангаа зоож эхэлбэл та хариуцлагыг нь хүлээж чадах уу?

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох