Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Агаарын тээвэрлэгч компаниудыг боломжтой бүх хэлбэрээр дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллалаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж  байгаа ажлаа Ерөнхий сайдад танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал иргэний нисэхийн салбарт хүндрэл учруулж байна.

Сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байсан үзүүлэлтүүд энэ онд 50-иас дээш хувиар буурчээ. Тухайлбал өнгөрөлтийн нислэг 54, хөөрөлт, буулт 63, зорчигч, ачаа, шуудан 63 хувиар буурсан байна. Ингэснээр 2010-2019 онд өсөлттэй байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого 48, агаарын тээвэрлэгч компаниудын борлуулалтын орлого 67 хувиар буурчээ.  Өнгөрсөн онд нэг сая 600 гаруй мянган хүн агаарын тээврээр үйлчлүүлж байсан бол энэ онд 460 мянга болсон байна.

“МИАТ” компанийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Д.Баттөр товч танилцуулав. Компани энэ оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Алдагдлаа багасгахын тулд тусгай үүргийн нислэгээс гадна карго нислэг үйлдэх, дотоодын аялал зохиох, MAX агаарын хөлгийг газарт ашиглах зэргээр ажиллаж байна. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтөө аль болох хойшлуулж, хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа бууруулж байгаа ч  байдал хэвээр үргэлжилвэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсчээ.

 “Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал дотоодын нислэг, нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-гүй болговол тасалбарын үнэ 8-10 хувиар буурах боломжтойг хэлэв. Цаашид шатахуун, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Хөгжлийн банкнаас таваас доошгүй жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох, эргэлтийн хөрөнгөөр дэмжихэд анхаарахыг хүслээ.

Агаарын тээвэрлэгч компаниудын хүссэн хэмжээгээр санхүүжилт өгч чадахгүй ч боломжтой бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Хэдийгээр агаарын тээвэрлэгч компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа ч нислэгийн үнэ, тарифаа нэмж иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэхгүй байхад анхаарахыг захилаа.

Цаашид шинэ нисэх буудалд шилжих бэлтгэлээ сайтар хангахаас гадна тэнд ажиллах хүмүүс, суурьших иргэдэд шаардлагатай  орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарахыг салбарын сайдад үүрэг болгов.  Иргэний нисэхийн салбарт сахилга, хариуцлагыг дээд зэргээр мөрддөг байх ёстойг сануулав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох