Цаг үе
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж, эцэслэн танилцуулахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:
-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах
-Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах
-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх
-Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
-Ерөнхий боловсролын “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
-Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах
-Коронавируст халдвар (Ковид-19) болон томуу,томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах
Төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр:
-Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул наймдугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах
-Хотын шуудын орлого төвлөрүүлэгч байгууллагууд энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх
Цаг үеийн бусад асуудлын хүрээнд:
-Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл боловсруулж байгаатай холбогдуулан төлөвлөгөөний төсөлд тусгах санал ирүүлсэн байгууллагууд өнөөдрийн дотор дахин нягталж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдтэй уулзаж саналаа нэгтгэн боловсруулж, эцэслэн танилцуулах
-Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарантуул захын далан дагасан автозамын ажлыг эрчимжүүлэх
-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад онцгой анхаарах
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн барилга, байгууламжийг норм, дүрэм стандартын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй байх
-Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих
-Нийслэлийн хүн амыг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх
-Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд
1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,
2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,
3. Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах.
4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хорооллын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, золбин нохойг устгах ажлаа шуурхайлах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Цаг үе2019/10/03
“Монос”-ын уулзвараас баруун тийш зам хаана
-
Шударга мэдээ2024/11/01
ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэн суулгах мэс заслын шинэ те...
-
Улстөр нийгэм2021/05/12
Төрийн банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц...
-
Улстөр нийгэм2020/01/16
АНДОП-ын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
