Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Гаатуу"-гийн гараас мултрахгүй

Огноо:

,

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулав

Монгол Улсын гавьяат хуульч Пүрэвийн Туваанжав гэж цуутай эрүүгийн төлөөлөгч 1980-аад оны үед УЦСЕГ-ын ЭХЭС /Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах/ хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг гэмт этгээдүүд “Гаатуу” хэмээн хочилно. “Гаатуу” гэдэг нь зээтүү шиг гэсэн утгатай бөгөөд нуун далдалсан хэрэг явдлыг ч хөөн мөшгиж, ухаж төнхөж байгаад эзэн холбогдогчийг нь илрүүлчихдэг байснаас нь үүдсэн нэр ажээ. Мөн түүнийг “Далдыг илрүүлэгч” ч гэнэ. Түүний  мөшгин илрүүлсэн хэрэг явдлуудыг хөөн судалж үзэхэд “Үнэндээ далдыг хардаг мэт гэмт хэрэгтнийг илрүүлж чадаж байгаа юм шүү...” гэсэн бодол төрнө. П.Туваанжав гавьяат олон түмэндээ нэр хүндтэйн дээр тэдэнтэй байнгын холбоотой байж, итгэл хүндэтгэлийг авч чадсанаас ажлын амжилт нь ихээхэн шалтгаалсан мэт санагдана. Тэгээд ч түүний өмнө гэмт хэрэгтэн этгээд үйлдсэн хэргээ үнэн байдлаар нь өчихөөс аргагүй болдог байх юм.

Хотын нэгэн дүүрэгт шөнө дундаас хойш гал гарч, гэр шатжээ. Шатсан гэрээс нэг хүний цогцос олдов. Гэтэл ... районы цагдан сэргийлэх хэлтсээс цогцсыг гэрийн эзэн “Д”-гийнх мөн гэж үзээд, нас барсан тухай хуулийн байгууллагад мэдэгдэлгүйгээр цогцсыг оршуулсан байв. Энэ явдал болсноос хойш бараг жилийн дараа  хэн нэгэн хүн “Д”-ийн амийг хорлож, түүнээ нуун далдлахын тулд гал тавьсан байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлэх үндэслэл гарч ирэв. Цогцсонд шинжилгээ хийсэн дүгнэлтээс үзэхэд ч хурц ирмэгтэй зүйлийн цохилтоос цогцсын гавлын яс цөмөрчээ. Амьд үед нь ийм гэмтэл учирвал үхэлд хүргэж болно. Цогцсын дотор эрхтэн хорхойд идэгдэн устсанаас “Д” угаартаж гэртэйгээ шатсан уу? Толгойд учирсан дээрх гэмтлийн улмаас нас барчихсан байсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлэг гаргаад байв. 1978 оны үед гарсэн эл хэрэг явдлын үнэн учир тайлагдахгүй явсаар зургаан жил өнгөрчээ.

Тэгтэл ЭХЭС хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, хошууч П.Туваанжав гэмт хэрэг нөхөн илрүүлэх үүрэг даалгаврын дагуу уг хэрэг дээр ажилласан бөгөөд хохирогчийн ар гэрийнхний мэдүүлгүүдтэй танилцахаас ажлаа эхэлжээ. Хохирогч “Д” эхнэр “Л”-ийн мэдүүлэг анхаарлыг нь татахад түүнтэй уулзаж, хэрэг явдлыг тодруулжээ. Тэгтэл тэрээр  “Манайд Торгууд гэж нэг хүн ирдэг байсан юм. Нөхөр маань намайг түүнтэй хардаад байсан. Торгууд бол хүнд гэм хоргүй хүн. Тэгтэл нөхөр маань түүнийг ална тална гэж агсарч байгаад илүү гэрт орж унтсан. Шөнө илүү гэр маань шатаж, түүнийг гэрээс гаргаж чадаагүй” гэж учирлажээ. П.Туваанжав хошууч тэр Торгууд гэдэг хүнийг олж уулзахаар эрэн сурвалжилж явах болов.  Гэр шатсан хэрэг явдлаас хойш Торгууд гэгч нөхөр ор сураггүй алга болсон нь ч сэжиг төрүүлжээ.

Торгууд гэгч нь “Хав хар царайтай, бөгтөрдүү, өндөр нуруутай, хөвөнтэй куртик, өмдтэй явдаг байсан” гэх аман зураг гаргажээ.  Нэг өдөр хамар хашааных нь хүн П.Туваанжав хошуучид  “Чиний яриад байсан хүн чинь Найрамдал сангийн аж ахуйд засварчин хийж байна. Би сайн ажсан мөн байна билээ” гэжээ. Хошууч сангийн аж ахуй руу очиж  шалгахад нээрэн л Торгууд тэнд ажиллаж байж. Дөлгөөн тогтуухан атлаа, эрс шийдэмгий асуулт тавьж байгаа хошуучийн харцнаас Торгууд гэгч тэр эр харц дальдарч, хулмалзан суусан гэдэг. Торгууд хэргээ хүлээсэн тухайгаа ярихдаа “...Хошууч П.Туваанжав гуай ер нь юмны үнэн мөнийг нэг бүрчлэн олж сурсан, хүнлэг дөлгөөн ааштай, ёстой сэргийлэхийн ажилтан хүн юмаа. Би тэр хүүхэнд энэ хэргийг хэзээ ч хэнд ч яасан ч ярихгүй гэж тангарагласан. Түүндээ хүрнэ гэж бодож байсан мөртлөө өнөөдөр хүлээж орхилоо. Хуулийн хүний хүнлэг зөөлөн сэтгэл, үнэнийг ойлгуулж, хийсэн нүглийг минь баримтаар нотлоод өгөхөөр нууж далдлах юм гэж байдаггүй юм байна.  Би зургаан жил болчихоор нь одоо баригдахаасаа өнгөрлөө гэж боддог байсан юм...” гээд  хөлсөө арчиж, уртаар санаа алджээ.  Ийнхүү хохирогч “Д”-гийн эхнэр “Л”, Торгууд гэгчтэй эр, эмийн харилцаа тогтоож, улмаар нөхрийнхөө амь насыг хохироосон ноцтой гэмт хэргийг зургаан жилийн дараа гавьяат хуульч, хошууч П.Туваанжав 1984 онд нөхөн илрүүлжээ.  

Хөдөлмөрч хичээнгүй, шударга, тусархуу, зарчимч, хамт ажиллагсадынхаа ар гэрт үргэлж санаа тавьж, ах дүү шиг нь сэтгэл чилээн явдаг гээд П.Туваанжавын тухай элэг сэтгэлийн халуун дурсамжууд бишгүй л нэг байх юм.  Түүний охин Т.Эрдэнэханд аавынхаа тухай дурсан ярихдаа, “...Би багадаа аавынхаа ямар ажил хийдэг байсныг сайн мэддэггүй байсан. Зарим үед ааваас асуухад  миний ажил нууц, хамаагүй юм ярьж болдоггүй юм шүү охин минь гээд .... Аав нь хэрэг хийсэн хүмүүсийг олж, тэднийг зөв замд нь оруулах ажил хийдэг юм аа гэж хэлж билээ. Аав, ажлаасаа их оройтож ирдэг, бид ч аавынхаа барааг бараг л хардаггүй байсан  шүү. Нэг удаа аавтай явж байсан чинь нэг өндөр шар хүн хүүе сайн байна уу? “Гаатуу” гээд л сүйд болж мэндэлсэн. Би гайхаад аав аа энэ юун хүн юм бэ, таныг яагаад ийм нэрээр дуудаад байгаа юм гэхэд аав маань, аа энэ хулгай хийдэг хүн байсан юм. Аав нь зөв замд нь оруулж өгсөн юм, тэгээд аавд нь талархаж явдаг юм гэж хэлж билээ...” гэв.

П.Туваанжав нь эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах албанд ажиллах хугацаандаа 2000 гаруй эрүүгийн хэрэг илрүүлсний тал нь хулгайн хэрэг байжээ. Хулгайн хэргээр баригдаж хоригдогсдын олонх нь түүнтэй найз болж, хожим үнэнч шударгаар хөдөлмөр эрхлэх болсон гэдэг.  Тухайлбал,1973 онд Улаанбаатар хотын мэргэжилтний 20 дугаар дэлгүүрийн цонхны шилийг хагалан орж, 105 ширхэг  алтан цаг, нэхий дээл зэрэг 200 гаруй мянган төгрөгний эд зүйл хулгайлсн   Дэмид, Гарамханд нарт холбогдох хэрэг, 1979 онд бусдын 17 мотоциклийг хулгайлан зарж, хуурамч бичиг баримт, үнэмлэх үйлдэн цагдаагийн ажилтны нэрээр хүмүүсийг торгох зэрэг олон удаагийн  хулгай, залилан дээрмийн хэрэг үйлдсэн Чойнхорын Дүгэрээ, Сансар хэмээх Нацагдорж нарт холбогдох хэргүүд юм.

Пүрэвийн Туваанжав  нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Их булан хэмээх газар 1926 онд төржээ. 1961-1980 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт паспортын бүртгэгч, хэрэг бүртгэгч, Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын  эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст  эрүүгийн ахлах төлөөлөгч, 1981-1984 онд Засан хүмүүжүүлэх байгууллагуудын удирдах газрын гүйцэтгэх албаны хэлтэст ахлах төлөөлөгч, 1984-1988 онд УЦСЕГ-ын ЭХЭС хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдан сэргийлэх ангид эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1988 онд  цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байдаг. Түүний хөдөлмөр  бүтээлийг төр засаг өндөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, байлдааны  болон ойн медалиудаар, 1980 онд  тэргүүний сэргийлэгч, гал сөнөөгчдийн улсын  V зөвлөгөөний үеэр БНМАУ-ын “Гавьяат хуульч” цолоор шагнажээ.

П.Туваанжав хошууч шавилхан биетэй ч хугайч луйварчдын зүрхнийх нь шар усыг хуруулж  явсан түүхтэй. Гэмт хэрэгтэн, хулгайч нар ч ““Гаатуу”-гийн гараас нэгэнт мултрахгүй боллоо. Танагтай дээрээ болих минь” гээд зарим нь хулгай зэлгий хийж явахаа больсон гэдэг юм. Гявьяат хуульч П.Туваанжав нь ажиллаж хөдөлмөрлөж явсан он жилүүддээ үнэ цэнэтэй, нэр төртэй цагдаагийн шилдэг алба хаагч байсныг нотлох энэ мэт баримт олон.

Мөн тэрээр ус уухын хувьтай, азтай төрсөн хүн юм. 1987 онд мөн л гэмт хэргийн араас мөшгин хөөж яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сум буюу нутагтаа ажлаар очжээ. “Царцаа  ногоон” онгоц цагийн дараа хөөрөх гэж байхад гэмт эдгээдийн араас хөөж, сэжүүр олоод онгоц руугаа гүйж явтал гудамжинд ангийнх нь охин таарчээ.  Хүүё. Ээ гээд  сүйд майд болон уулзаад явах гэтэл нөгөөх нь “Чи сэргийлэгч болоод нутаг орондоо ч ирэхгүй их зантай болчихож, ядаж манайд ороод цай уугаад яв гэж шалсаар гэртээ дагуулан оржээ. Шинэ цай чануулахгүй шүү гэж яарсаар аяга цай уучихаад гараад ирэхэд нь онгоц аль хэдийнэ хөөрчихжээ. Яаруу буцах ёстой байтал онгоцноосоо хоцорчихлоо гэсээр найзындаа хоноглов. Гэтэл маргааш нь түүний суух ёстой байсан мөнөөх онгож замдаа осолдож, сууж явсан хүмүүс нь цөм амь үрэгдсэн тухай таагүй мэдээ зурагтаар гарч байсан гэдэг. Гэвч, гавьяат хуульч П.Туваанжав 2014 онд 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

ЦЕГ-ын  Төв Архивын  түүх судлалын секторын судлаач Г.Лхагвадорж

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ

Огноо:

,

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. 
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр танилцав. 


“Сан Петролиум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Үлдсэн 8000м3 агуулахын  нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авчээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэж байна. Эдгээр агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Ерөнхий сайд тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрлийн саад бэрхшээл учруулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов. 

Харин “Шунхлай” ХХК 100,000 м³  буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж  хадгална. 


Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа  22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил гацсан Газрын тос боловсруулах  үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна хэмээв. 

Улаанбаатар хотоос гадна Мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр  (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь  дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.


Хөнгөлөлтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ  байгуулжээ.
 2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд улсын гурван сар хүртэлх хэрэглээ хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал

  • 2 настай – 27,832
  • 3 настай – 31,303
  • 4 настай – 32,002
  • 5 настай – 35,690 хүүхэд байна.


Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө

Огноо:

,

Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.

Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох