Цаг үе
Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна.
Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Тус авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөн хийнэ. Мөн авто замын хашлагыг солихоос гадна суурийг цементээр бэхжүүлэх юм. Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг хоёр хувааж хийхээр төлөвлөсөн. Харин явган хүн болон бусад ажлыг зургаадугаар сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Мөн зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварласан бол үргэлжлүүлэн Хандгайт, Баянбулаг, Жигжид, Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг чиглэлийн замын нөхөн эвдрэлийг засварлана.
Зам хаах мэдээллийг тухай бүрт нь иргэдэд хүргэнэ гэдгийг мөн онцолж байлаа.

Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
