Улстөр нийгэм
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав.
Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.
Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны тус саналыг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж, танилцуулаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09, 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргах саналын талаар танилцуулсан болно.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байгаа нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших анхны тохиолдол учир энэхүү асуудалд ул суурьтай хандаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэгийг анхаарах шаардлагатай талаар, мөн уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж гишүүний гаргасан саналтай ойролцоо төрлийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг татан үзэж, улс төр, эрх зүйн үр дагаврыг судлах шаардлагатай талаар, түүнчлэн УИХ-ын гишүүний гаргасан саналын зарим үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд засаж, сайжруулах боломжийн талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг асуудлын талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах бус, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэх боломжтой талаар, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал Үндсэн хуулийн цэцээс хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх боломжтой эсэх, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд УИХ-ын шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн болно.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын үндэслэлдээ Байнгын хорооны гишүүдийн саналыг нэмж тусган, саналаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.0 хувь нь дэмжсэн болно гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Мөнхбаатар нар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан, тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргаж буй нь зөв жишиг хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж асуудлыг шийдэх онцгой заалттай юм гээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саналаа үндэслэл сайтай гаргасан хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр, хууль зөрчсөн эсэх асуудал зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл УИХ-ыг ердийн шүүх дуудаж, УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг шаардаж байна. Үндсэн хуульд УИХ төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн заалтын хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж хэрхэвч болохгүй. Энэхүү гажгийг таслан зогсоох арга бол Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэв.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа мөн энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд УИХ Үндсэн хуулийн цэцэд санал гаргах бус хуулиа санаачлаад засаж залруулаад явж болох эсэх, тухайн гомдол гаргагч хүнд хариуцлага тооцож уу эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг асууж тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ хуулиа санаачлаад өөрчилсөн ч Цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй юм. Цэц магадлалаа эргэн харахын тулд УИХ-аас ямар нэгэн хүсэлт авах ёстой. Тиймээс дээрх саналыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна. Энэ асуудлаар шат шатны шүүхийн байгууллага, улмаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл удаа дараа гомдол гаргаж буй хүн бол Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Хүрэлбаатар юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх, хариуцлага хүлээх хоёр асуудал нь давхцаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ өнөөдөр дахин ажилдаа томилогдох ёстой гээд ийнхүү гомдол гаргаж буй зэрэг нь ёс зүйгүй асуудал гэв.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй талаарх Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан энэхүү асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гаргах хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхээр тогтсон.
Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг байнгын хороод бэлтгэж, УИХ-д танилцуулахад бэлэн болсон учир зарим хуулийн эцсийн найруулгыг сонсоод өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

Улстөр нийгэм
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.
Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.
Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.
Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.
Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
