Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн болон даатгалын, банк бус санхүүгийн зах зээл, хадгаламж, зээлийн хоршоод, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа, виртуал хөрөнгө, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зэрэг нийт 11 салбарын зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны байдлаар санхүүгийн салбарын зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 26.5 хувийг эзэлж байгааг тус хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа.
Салбаруудыг зохицуулах хүрээнд мөрдүүлж байсан захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцолж, тус хорооноос олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 30, үүний дотор энгийн зөвшөөрлийн тоог 15 болгож бууруулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгааг мэдээлсэн юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 6.9 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 13.0 их наядад хүрч хоёр дахин өссөн бол нийт арилжааны дүн гурав дахин нэмэгджээ. Энэ салбарын зохицуулалтын бодлогыг компанийн бонд, хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог дэмжихэд чиглүүлж буй бөгөөд үүний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн сан (REIT)-гуудыг бий болгох, хадгаламжийн сертификат (CD)-ыг арилжаанд оруулах зэрэг шинэлэг чиглэлүүдийг баримталж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн эх үүсвэр, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, идэвх, хөрвөх чадвар өсөх юм.
Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.3 сая зээлдэгчтэй байна. Зээлдэгчдийн 75 хувийг цахимаар үйлчилгээ авсан зээлдэгчид эзэлж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь тус салбарт нэвтэрсэн финтек буюу дэвшилтэт технологийн нөлөөгөөр үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирсныг илтгэн харуулж буй юм. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц тэмдэглэв. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 20-нд Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авахыг хориглон, үнэт цаас гаргах болон итгэлцлийн үйлчилгээгээр татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өөрийн хөрөнгөнд харьцуулсан харцааг 30-60 хувь болгон бууруулж, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан байна. Мөн ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгон чангатгаад байгаа юм. 
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ болон хураамжийн орлого сүүлийн гурван жилд жил тутам 20 хувиар өсөж, нийт нөөц сан гурав дахин нэмэгдсэн бол хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгө 2022-2024 онд 30 орчим хувиар өссөн байна. Даатгалын салбарын хууль, эрх зүйн орчин болон хөгжлийн түвшин 2004 оны хэмжээнд гацаад байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц дурдаж, энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг нэн даруй хийх шаардлага тулгамдаж байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар 2004 онд шинэчлэн баталсан Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай, мөн 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиудаас тус салбарын эрх зүйн орчин бүрдэж буй бөгөөд амьдралын буюу урт хугацааны, мөн давхар даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээх, нэгдсэн зохицуулалт, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох Даатгалын багц хуулийн төслүүдийг боловсруулаад байгаа ажээ.
Түүнчлэн банк бус санхүүгийн зах зээлд мэргэжлийн институц, технологийн дэвшлийг төлөвшүүлэх, итгэлцлийн үйлчилгээ, факторинг, мөнгөн гуйвуулгын болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг иж бүрнээр бүрдүүлэх шаардлага тулгарч буй юм. Мөн Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг боловсронгуй болгож эрсдлээс найдвартай хамгаалах, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, гишүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх зорилго бүхий Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа ажээ. Түүнчлэн Банкны тухай, Татварын тухай болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналуудыг бэлтгээд байгаагаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцуулгадаа дурдав.
Түүний хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн эрх зүйн шинэчлэлийн талаарх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, үүний хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуулийг батлуулахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хөрөнгийн зах зээлийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, даатгуулагчдын өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг сайжруулах, банк, ББСБ, ломбард гэсэн гурвалсан дамжлагаар зээлдэгчдэд хүүгийн дарамт учруулж буйг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг болон финтекийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг асууж, хувьцааны зах зээл, арилжаа, хөрвөх чадварын талаарх мэдээллийг иргэдэд E-Mongolia цахим платформоор шууд хүргэдэг байх боломжийг бүрдүүлж ажиллаарай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар зээлийн хүүг бууруулах бодит боломж, арга шийдлийн тухай асууж, хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон жижиг зээлийн үйлчилгээг дэмжих талаар ярьж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, дэд дарга Н.Хүдэрчулуун, Банк бус санхүүгийн газрын дарга Б.Итгэлсүрэн нараас тодорхой хариулт, тайлбар авлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаа хүртэхийг дэмжсэнээр хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг сэргээх боломжтойг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр эрүүл мэндийн сайн дурын даатгалын асуудалд анхаарал хандуулахыг зөвлөж, кастодиан банкны үйлчилгээний талаар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дуал листинг буюу хувьцааны давхар бүртгэлийн талаарх хуулийн хэрэгжилт, санхүүгийн зохицуулалтын дэвшилтэт технологи буюу сэндбоксийн талаар, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эрх зүйн шинэтгэлийн оношийг зөв тогтоосон эсэх болон хувьцааны төвлөрлийг задлах бодлогын хэрэгжилтийн талаар асууж хариулт авсан юм. Тэрбээр санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ зах зээлийг тэлэх, эрүүлжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон зах зээлийн оролцогчдын чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд бодлогоо чиглүүлэх учиртайг зөвлөсөн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй санхүүгийн чөлөөт бүсийн туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж ажиллах талаар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа эрүүл мэндийн даатгалын эрсдэлийг бууруулах болон хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Ж.Золжаргал нар даатгуулагчдын хохирол барагдуулалтыг сайжруулах, зээлийн мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх ажлыг шуурхай, бодитой болгоход захиргааны хариуцлагын арга хэрэгслийг ашиглах, бондын зах зээлийн талаар орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах болон компанийн бондын зориулалтыг хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд чиглүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогын хүрээнд банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлээд, үүний хүрээнд иргэд санхүүгийн үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй, хямд хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Иймд Улсын Их Хурлын даргын захирамж гарган санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нараар ахлуулан байгуулж байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох