Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол Улс Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэлийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод нэгдлээ

Огноо:

,

Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн Ази, Номхон далайн гишүүн орнуудын Бүсийн чуулган 2025 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Филиппин улсад боллоо. Уг чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар оролцож Сайд нарын түвшний хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалтуудад сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, туршлага солилцов.

Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Азийн орнуудаас анх удаа нэгдсэн. Тус түншлэлийн хяналтын хороо Сонгуулийн ерөнхий хорооны санаачилгыг хянан үзэж, Ази тивээс Сорилтод нэгдсэн анхны улс хэмээн батлан, чуулганы үеэр гэрчилгээ олгож баяр хүргэлээ.  
Ази, Номхон далайн орнуудын Бүсийн чуулганд тус бүсийн орнуудын төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцож ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм.  

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Бүсийн чуулганы эхний өдөр Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцож улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил, зорилтыг танилцууллаа. Монгол Улсын хувьд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа бүхэлд нь шинэчлэн баталж, улс төрийн намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт үйл ажиллагаа нь ил тод, хяналттай, хариуцлагатай, Үндсэн хуульт ардчиллын чухал институт, бодлогын нам болон хөгжиж, бэхжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Сонгуулийн төв байгууллага энэхүү хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж байгааг танилцуулсан юм. Улс төрийн намын санхүүжилтийг зөвхөн мэдээлэх нь ил тод, хяналттай байдлыг бүрэн хэрэгжүүлэхэд учир дутагдалтай тул нээлттэй эх сурвалж /open data/ болгон ил тод нийтлэх нь олон нийтийн зүгээс бүрэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо энэ чиглэлд анхаарал хандуулж, идэвхитэй ажиллаж байгаа талаар тэрбээр илтгэлдээ дурдаад Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод оролцож байгаа туршлагаасаа танилцуулж, оролцогчидтой санал солилцлоо. Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэхдээ цахим систем ашиглан санхүүжилтийн ил тод байдлыг хангах, мэдээлэх ажлыг эхлүүлсэн. Сорилтод нэгдсэнээр оролцогч талуудын үүрэг оролцоог илүү идэвхжүүлэх, олон улсын өмнө үүрэг хүлээх, оролцогч талуудын ажлын үр дүнг илүү өгөөжтэй болгох ач холбогдолтой илтгэлдээ онцоллоо.

Бүсийн чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулагдсан “Улс төр дэх мөнгөний ил тод байдлыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ илтгэгчээр оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалт болон түүнтэй холбоотой хэрэгжүүлж буй ажлуудыг танилууллаа. Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтод оролцох санаачлага, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар болон бусад орнуудыг хэрхэн манлайлах талаарх түүний ярилцлагыг тус байгууллагын олон нийтийн цахим мэдээллийн сувгаар дамжуулсан юм.

Бүсийн чуулганы салбар уулзалтуудад Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид Нээлттэй Засгийн түншлэлийн Сорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг донор байгууллага, олон улсын бусад байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, санал солилцов.  Уулзалтад Нээлттэй Засгийн түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын Сорилт хариуцсан ажилтнуудаас гадна, Нээлттэй нийгэм форум, Транспарэнси интернэшнл, Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцов. Цахим систем нэвтрүүлсэн олон улсын туршлагыг хэлэлцэх, дотоодын оролцогч талуудад сургалт зохион байгуулах, болон хамтарч ажиллах донор байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох уулзалтыг эхний ажил болгон зохион байгуулахаар оролцогчид санал нэгдлээ.  

Мөн донор байгууллагад санал тавих, боломжит хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг Нээлттэй Засгийн түншлэлийн төлөөлөл дэвшүүлсэнийг оролцогчид дэмжсэн. Ил тод байгаагүй ямар мэдээлэл нийтэд ил болсон талаар үнэлгээ хийж, үр дүнг харуулах нь Сорилтын чухал асуудал болохыг онцлов. Уг олон талт хэлэлцүүлгийг энэ оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Монгол Улсад зохион байгуулахаар тохиров.

Төр, засгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, иргэдийн оролцоог дээшлүүлэх, авлигын эсрэг тэмцэх, нээлттэй засгийн үйл ажиллагааг цахимжуулах замаар дэмжих олон улсын санаачлага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2011 оны чуулганаар байгуулагдсан.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг олон улсын конвенци (United Nations Convention Against Corruption (UNCAC)-ийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хэрэгжүүлэх тухай 7.3 дахь заалтын хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Транспэрэнси интернэшнл байгууллага, Нээлттэй засгийн түншлэл хамтран санаачилж, тогтоолын төслийг боловсруулаад байгаа. Монгол Улс уг тогтоолын төслийг дэмжин батлуулах байр суурь баримталж байгаа орнуудын нэг юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох