Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож бусдад давуу байдал бий болгожээ. Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ.

Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна.

Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн байна. Г, А нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр үрийн буудай өгсний улмаас бусдад 70,400,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 1818000410214 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

Огноо:

,

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцох үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг үүрэг болголоо.

Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагддагийг шийдвэрлэхийн тулд эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хянан шалгах түр хороог санаачилж, үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудлыг УИХ -ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ хөндөж, анхаарч ирсний үр дүн өнөөдөр бодитоор гарч, лаборатори ашиглалтад орж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш. Цаашид, Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

Тус лабораторийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэж сургахад өнөөдрөөс анхаарах ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллана гэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори бол Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд онцолж байлаа.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна. Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш. Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. Та бүхэн зөвхөн лаборатори бариагүй. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ” гэлээ.

 

Лаборатори ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт тавина. Иргэд чанартай, аюулгүй, үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдана гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Тус лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ

Огноо:

,

Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.

2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.

Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.

Иймд иргэд:

  • Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
  • Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
  • Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
  • Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж:  Геодези, Усны Барилга Байгууламжийн газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох