Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дархан-Уул, Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Булганы зүүн өмнөд, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс
2023 оны дөрөвдүгээр сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, 15, 16, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.

Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.

Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.

Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.

Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Огноо:

,

Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.

Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.

Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.

Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох