Шударга мэдээ
Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Энэ удаагийн хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцууллаа.
Тодруулбал, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгасан юм. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссанын дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn) –ээр гаргах боломжтой болох юм.
Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэн ажиллахыг үүрэг болголоо.
Шударга мэдээ
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна.
Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.
Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.
Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.
Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
-
Шударга мэдээ2020/12/21
Цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй цахимаар хуралдлаа
-
Улстөр нийгэм2020/07/28
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон улсын Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч...
-
Улстөр нийгэм2022/07/28
ЗГ: 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно
-
Улстөр нийгэм2020/04/22
“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг ...
