Шударга мэдээ
Стратегийн өндөр ач холбогдолтой авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол холбогдох этгээдэд хатуу хариуцлага тооцно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Стратегийн өндөр ач холбогдолтой авто замын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр уулзлаа.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хуваасан бөгөөд тав дахь жилийнхээ нүүрийг ийнхүү үзэж байна.
Энэ жилд багтаан бүрэн дүүрэн хийж дуусгахаар төлөвлөгөөт ажлыг эхлүүллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх чиглэлийн зам ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзах үеэрээ өмнө жилүүдийн алдааг давтахгүй байх, төлөвлөсөн хугацаандаа ажлаа зөв зохион байгуулалт хийж, үр дүнд хүрч ажиллахыг сануулаад, Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд ковид цар тахал нөлөөлсөн хэдий ч ажлаа зөв зохион байгуулж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Ковидын үеэр ч бүтээн байгуулалтаа амжилттай урагшлуулах боломж байсан гэдгийг сануулаад, Дарханы замаас болоод АВТОЗАМЧИД МААНЬ зам барьдаг гэж хэлэхээсээ ичдэг болсон, Зам тээврийн яамныхан ард иргэдийн хэл амны гол бай болж байгааг хэллээ.
Ялангуяа тендер шалгаруулалтын ажил эхнээсээ мордохын хазгай болсон бурууг Зам, тээврийн хөгжлийн яамны нийт албан хаагч, замчид үүрч байна. Машин механизм, техник байхгүй, хүн хүч дутагдалтай компаниуд тендерт ялсан нь ийм байдалд хүргэсэн нь нууц биш. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэж Монгол ардын үг байдаг.
Гэрээ хийсэн туслан гүйцэтгэгч нар нь мөн чадваргүй, үндсэн гүйцэтгэгч нартайгаа мөнгө хөрөнгөнөөс эхлүүлээд янз бүрийн хэрүүл уруултай. Аргаа бараад, Ерөнхий сайд нь ирж үүрэг даалгавар өгдөг, УИХ-ын гишүүд нь ЗТХ-ийн сайд на үргэлж ирдэг, бүр дэд сайд нь байнга амьдарч, хяналт тавьдаг түвшинд очсон. Хойд зүгт чиглэсэн манай улсын экспорт, Ази-Европыг холбосон транзит урсгал, таван аймгийн иргэд зорчдог, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол тээвэр явдаг чухал, стратегийн өндөр ач холбогдолтой зам. Энэ замыг дуусгахгүй бол холбогдох этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцох болно.
Эх сурвалж: ЗТХЯ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2022/08/09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айл...
-
Үзэл бодол2020/01/21
Цахимд цуурахад учир бий...
-
Урлаг спорт2019/09/02
"Халхын голд байгуулсан гавьяа” цуврал баримтат киноны нээлт өнөөдөр ...
-
Улстөр нийгэм2023/08/08
ГЕГ: Он гарснаас хойш импортоор нийт 5023.8 сая ам.долларын бараа, түүхий эд ору...
