Улстөр нийгэм
УИХ: Нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэв
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцлээ.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьша, Э.Батшугир нарын байр сууриа илэрхийллээ.
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулах УИХ-ын гишүүн Э.Батшугирын горимын санал 74 хувиар дэмжигдлээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, төрийн албаны төлөвшил, хөгжлийн өнөөгийн байдал, чадахуйн зарчмын хэрэгжилт, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, төрийн албаны сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг товчлон танилцууллаа.Тухайлбал, тайлант онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739 иргэнээр нэмэгдэж, нийтдээ 14000-д хүрсэн байна. Төрийн захиргааны удирдах албан тушаалын 729, гүйцэтгэх албан тушаалын 5042, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 358 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулснаар 3731 иргэдийг нэр дэвшүүлж томилуулжээ. Ёс зүйн зөрчлийн тоо өмнөх оноос бага зэрэг буурсан нь сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах талаарх УИХ-ын бодлого, чармайлт, Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж эхэлсний үр дүн хэмээн үзжээ. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын үр дүнд 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж, 1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан байна. Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх нэг механизм бол шийдвэр гаргагчдын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих шинэ хуулийн зохицуулалт хэмээн үзэж, төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Мөн иргэний хэргийн шүүхээр13 хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн бол үлдсэн 102.2 сая төгрөгийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаад байгаа талаар танилцуулав. Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2.808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, зөрчлийг арилгуулах талаар анхаарал хандуулж ажиллаж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасагдсан иргэдийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэн, хяналт тавих ажлыг эхлүүлсэн байна.
2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэдийг санд бүртгэгдсэнээс 227 нь эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 74 зүйлд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний талаар дараах саналыг итгэлийнхээ төгсгөлд танилцууллаа.
Тухайлбал, УИХ-ын түвшинд, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн албаны шинэтгэлийн суурь зарчмыг шинэчлэх, төрийн байгууллагуудын бүтэц, төрийн албаны ангилал, төрийн албан хаагчийг нийгмийн баталгааг боловсронгуй болгох стратегийн баримт бичиг батлан мөрдүүлэх, Засгийн газрын түвшинд, Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтад цогц дүн шинжилгээ хийх, Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Тэгш шан хөлс олгох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцод зааснаар ижил үнэлэмжтэй ажилд адил цалин хөлс олгох үндсэн зарчимтай тул адил ангилал зэрэглэлийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын суурь цалингийн хэмжээ хэт зөрүүтэй байгааг арилгах зэрэг саналыг тавив. Түүний дараа тайланг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулж, УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлийн гишүүд буюу Ажлын хэсгээс асуулт асууж, нэгдсэн хуралдаан үргэлжиллээ.
УИХ-ын гишүүдийн асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон тус зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс, Ажлын албаны дарга Г.Билгүүн нар хариулав.
УИХ-ын Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг хэрхэн дүйцүүлж байна вэ, төрийн албаны тэр дундаа төрийн үйлчилгээний албаныхны цалинг нэмэгдүүлэх талаар Төрийн албаны зөвлөл хэр санаачлагатай ажиллаж байгаа талаар асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, 15-20 жил боловсрол, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд ажилласан төрийн албан хаагч төрийн захиргааны албанд шилжихээр ахлах мэргэжилтэнтэй дүйцүүлж байна. Үүнийг ямар журмаар дүйцүүлсэн вэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах талаар ямар бодлого баримталж буй талаар асуусан.
Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр төрийн тусгай, үйлчилгээний албан хаагчдыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах шийдвэр гарсан. Төрийн, улстөрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаатай дүйцүүлэх, адилтгах гэсэн хоёр байдлаар зохицуулж байна. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжийг нээсэн хуулийн зохицуулалт буй болсон. Хуулийн агуулга нь ажилласан жилийг бус албан тушаалын ангилал зэрэглэлийг адилтгах байдлаар зохицуулсан жагсаалт бий. Төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх санал нэмэх саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт илгээсэн. Засгийн газарх хэлэлцээд 2023 оны баталсан төсөвт багтаагаад төрийн албан хаагчдын цалинг урамшуулал, нэмэгдэл хөлс болон бусад байдлаар нэмэх 6 төрлийн шийдвэр гаргасан. Гэхдээ нэмэгдлийн хэмжээ Төрийн албаны зөвлөлийн саналын хэмжээнд хүрээгүй. Харин 2024 оны төсөвт тусгаж авч үзэх байр суурийг Засгийн газар илэрхийлсэн гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хариуллаа. Мөн Төрийн албыг цомхон чадварлаг байх бодлого баримталж байна. Гэхдээ хүн амын өсөлттэй холбогдуулан төрийн үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж буй учраас төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох бус чиг үүрэг тодорхой, үр дүнтэй байх чиглэлд анхаарч байгаа талаарх байр сууриа Төрийн албаны зөвлөл илэрхийлж байв.
Мөн орон нутагт хоёрдмол засаглалийн зөрчлөөс шалтгаалан төрийн албан хаагчдын томилгооны асуудал нь нутгийн захиргааны эрх мэдлийг хүчгүйдүүлж байна. Энэхүү хоёрдмол засаглалыг хэрхэн цэгцлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ямар сургалтыг хийж байгаа талаар болон хөдөө орон нутагт төрийн албаны эзгүйдэж, сул орон тоо олон болсон. Төрийн албаны зөвлөл ерөнхий шалгалтын сонгон шалгаруулалтыг орон нутагт онцгойлон зохион байгуулах боломжийн талаар гишүүд асууж байв.
Орон нутгийн захиргааг бэхжүүлэхийн тулд босоо удирдлагатай байгууллагуудын томилгоог нутгийн захиргаа зохион байгуулж, харин мэргэжил арга зүйн зөвлөгөөг төв байгууллагууд нь хариуцах тогтолцоонд шилжих саналыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа ажээ. Монгол Улсын 330 сумын 312 суманд төрийн албаны сул орон тоо бий гэнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс ирэх 4 дүгээр сараас эхлэх сонгон шалгаруулалтад онцлогтой шалгалт авах боломжийг судалж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын 60 хувь нь ярилцлага хэлбэрээр зохион байгуулахаар судалж буй ажээ. Өнөөдрийн байдлаар төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн 14165 иргэн байна. Эдгээр иргэд төрийн албаны туслах түмшэлийн 1700 төрлийн албанд ажиллах боломжтой ажээ.
УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл, Н.Энхбаяр нар төрийн алба цомхон, чадварлаг байх бус төрийн алба данхайж байгаа талаар шүүмжилж, яагаад төрийн албаны орон тоо нэмэгдэж байгаа талаар асууж байв.
Энэ онд шинээр байгуулагдсан цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний байгууллагуудад ажиллахаар 16659 төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгджээ. Улстөрийн албан тушаалтан 406 хүнээр цөөрсөн нь зөв эхлэл юм. Харин төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулагдсантай холбоотой гэж Ажлын албаны дарга Г.Билгүүн хариуллаа.
Төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх бодлогын хүрээнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, төрийн үйчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Ковидын үеийн хугацаанд 1196 зөрчилтэй томилгоо байсан. Үүнээс 491 тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна хэмээн тус зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хариулсан.
УИХ-ын гишүүд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, авилга, албан тушаалын гэмт хэрэг, ёс зүй харилцаа хандлага, жендерийн тэгш байдал зэрэг асуудлаар санал хэлж, асуулт асуув. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайлантай холбоотой асуулт, хариулт үргэлжилж байна гэж УИХ-ын УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2021/10/25
БШУЯ: Баян-Өлгий аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав
-
Шударга мэдээ2023/04/17
Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө
-
Улстөр нийгэм2024/08/05
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” Үндэсний музейд з...
-
Цаг үе2025/03/10
Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 10-нд дуусна
