Цаг үе
Монгол- Оросын хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэнэ
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын” Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс”-ын 15 дугаар хуралдаан Бүгд Найрамдах Буриад Улсын Улан-Удэ хотноо боллоо.
Тус хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж , УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, ОХУ–ын Засгийн газрын төлөөлж, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач нар оролцож, даргаллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дэд комиссын хурал гурван жил тасраад байсан юм. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд маш чухал энэ хурал дахин хуралдаж, 14 дүгээр хуралдааны үр дүнг хэлэлцэж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хил орчмын үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаарх өргөн сэдвээр хэлэлцэж байгаадаа талууд өндөр ач холбогдол өгч байгааг онцолсон юм.
Хурлыг даргалагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэхдээ “ Монгол- Оросын худалдаа эдийн засгийн эргэлт 2.7 тэрбум доллараар хэмжигдэж байна. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Монголын талын гол худалдаа бензин шатахуун байна. Манай улсын экспортын 90 хувь нь БНХАУ –д гарч байгаа ч иргэд хоорондын зорчих хөдөлгөөн ОХУ –тай хил залгаа боомтуудаар илүү их байдаг. Иймд боомтын сэргэлтийг эрчимтэй өрнүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Нэг талын боомт гэж байхгүй. Хоёр талын боомт гэж бий. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт чухал гэдгийг онцоллоо.
ОХУ-тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа боомтуудын шинэчлэлийн ажлыг наашлуулж өгөхийг хүслээ. Мөн Монголын боомтуудын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг тодотгосон юм.

Тухайлбал Боршоо боомтын бүтээн байгуулалт 98 хувьтай, Алтанбулаг боомтын барилга, байгууламжийн ажил 60 хувьтай байна. Монголын тал ОХУ –тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ зун зарим боомтын бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдсөн “ гэдгийг онцоллоо.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач хэлэхдээ “Монгол Улс боомтын асуудал эрхэлсэн сайдтай болсонд талархаж байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны маш чухал гүүр бол боомтын хөгжил. ОХУ ч цар тахлын амаргүй үед Монгол Улстай хил залгаа боомтоо өргөтгөн шинэчлэх ажлуудыг эрчимтэй хийсэн. Тээвэр логистикийг хөгжүүлсэнээр худалдаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа улам өргөжинө. Мөн иргэд хоорондын харилцаа ч чухал нөлөөтэй. Тиймээс ОХУ –ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлсэн. Энэ жилээс 600 оюутан суралцуулахаар квот тогтоосон. Мөн Оросын тал Монгол Улсаас ноос ноолуур, мах махан бүтээгдхүүн болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн импортлон авч, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн экспортлоно. Түүнчлэн боомтын үйл ажиллагааг сэргээсэнээр иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзж байгаагаа хэллээ.
“Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс”-ын 15 дугаар хуралдаанд Монголын талаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баян- Өлгий аймгийн засаг дарга нар, Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яам, Гааль, Татварын байгууллагууд болон Боомтын Үндэсний хорооны төлөөлөл оролцсон юм. ОХУ–ын талаас ОХУ–ын Эдийн засгийн хөгжлийн яам, Буриадын Бүгд Найрамдах улсын засгийн газрын төлөөлөл болон хоёр улсын бизнес эрхлэгчид оролцлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Шударга мэдээ2021/02/04
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүл...
-
Улстөр нийгэм2023/09/20
Монгол- Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужид болж байна
-
Улстөр нийгэм2026/06/04
Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
-
Цаг үе2019/07/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
