Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хаанбанк олон нийтэд үнэт цаасаа танилцуулж эхэллээ

Огноо:

,

“ХААН Банк” ХХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох ажлаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ХААН Банк 2021 оны 2-р сараас эхлэн нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг холбогдох хууль, журамд заасан хугацаанд, шат дараатайгаар хийж ирсэн. 2022 оны 12-р сарын 9-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн билээ.

Үндэсний хэмжээний хамгийн том банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь IPO-ийн хүрээнд нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгийг банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулахаар төлөвлөж байна.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд анх удаа арилжаалах үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй, олон улсад болон дотоодын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагууд болох “БиДиСек ҮЦК” ХК  тэргүүлэх андеррайтераар, “Таванбогд капитал ҮЦК” ХХК дэд андеррайтераар, өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН болон “ХаанЛекс Партнерс” ХХН нар хуулийн зөвлөхөөр, “БДО аудит” ХХК  бизнесийн үнэлгээ, “Эрнст Энд Янг Монголия Аудит” ХХК санхүүгийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 32 жилийн хугацаанд ХААН Банк нь харилцагчдынхаа амьдрал, хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго, бизнесийн амжилт гээд бүхий л цаг үед нь тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай хүргэх зорилгын дор орон даяар байрлах 540 гаруй салбар нэгж 6,500 гаруй ажилтан, технологийн шинэлэг шийдэл бүхий цахим сувгуудаараа дамжуулан Монгол Улсын нийт хүн амын 82 хувьд өдөр тутам үйлчилж байна.

ХААН Банкны нийт актив 2021 оны эцсийн байдлаар 13.5 их наяд төгрөг байсан бол 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар 15.0 их наяд, зээлийн багц 7.0 их наяд төгрөгөөс 8.0 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.0 их наяд төгрөгөөс 13.3 их наяд, нийт цэвэр ашиг 291.5 тэрбум төгрөгөөс  449 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт банкны системийн хэмжээнд тэргүүлсэн хамгийн дээд үзүүлэлт юм.

Өдгөө ХААН Банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа нийтэд санал болгосноор хөгжлийнхөө шинэ хуудсыг эхлүүлж, харилцагчид маань банкны хувьцаа эзэмшигч болж хамтын өсөлтийг бий болгох түүхэн боломж бүрдээд байна.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 4-р сарын 13-19-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр явагдана.

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com/ipo/mn/information цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. ХААН Банкны үнэт цаасны танилцуулга арга хэмжээ маргааш буюу 2023 оны 4-р сарын 6–ны өдөр 11:30-13:30 цагт нийслэлд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд, орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болох бөгөөд МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох