Шударга мэдээ
Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны төв байранд болсон ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковыг үдэн гаргах ёслолын ажиллагаанд оролцов.
Тус арга хэмжээний үеэр тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудаар санал солилцсон байна. Арга хэмжээнд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Азийн нэгдүгээр газрын дарга Г.В.Зиновьев нар оролцов.
Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаатай орнуудын хоёр талын хамтын ажиллагаа бүхэлдээ амжилттай сайн хөгжиж байгааг дурдаж, зарим тулгамдсан асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковт хүсэлт болгов. Тухайлбал, хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг хийгдэхгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Москва-Улаанбаатарын хооронд тогтмол шууд нислэг хийгдэж байх нь иж бүрэн стратегийн түншлэлтэй, хөрш зэргэлдээ найрсаг орнуудын ашиг сонирхолд бүрэн нийцэх учиртай гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талын хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлж, бусад бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай уялдуулан, хөрш гурван орны хамтын ажиллагааны бодитой үр дүнг гаргах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.
Уулзалтаар Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улс өөрсдийн гадаад бодлогын үзэл баримтлалаа тууштай хамгаалан, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэхийн сацуу уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөршүүдтэй харилцах харилцаандаа тэргүүлэх зэргийн ач холбогдол өгдгийг онцлон, Монгол Улсын байр суурийг хүндэтгэн ойлгож хүлээн авдаг Оросын талд талархал илэрхийлэв.
Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковтой бүхий л талаар хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлэн, түүнд амжилт, эрүүл энх, сайн сайныг хүсэж, аян замдаа сайн явахыг ерөөв гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

