Цаг үе
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2023 оны гуравдугаар сарын 13-наас 2023 оны гуравдугаар сарын 20-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Хангайн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13-наас 14-нд шилжих шөнө цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 13-14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна.
Агаарын температур: 14-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-21 градус, бусад хэсгээр 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 17-ноос дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 градус, бусад хэсгээр 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Инверс: Улаанбаатар хот орчмоор 14-15-нд өндөртөө шигүү зонтой учир салхитай байж инверс харьцангуй бага байх төлөвтэй байна. 16-наас газарт их төлөв их даралтын орны нөлөөнд өндрийн зон байхгүй учир салхи багатай байж инверсийн зузаан харьцангуй их байх төлөвтэй байна.
Цаг үе
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
Цаг үе
Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.
Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.
Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.
Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.
Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.
Цаг үе
Анхааруулга!
Ойрын өдрүүдэд Европын улс, орнуудад хэт халалтын цаг уурын үзэгдэл олон хоногоор үргэлжилж, цаашид агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зарим орнууд 3 дугаар түвшний улаан түгшүүр зарлаад байна.
Европын ихэнх улс, орнуудын Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, архаг өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст төдийгүй бусад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Иймд Европт сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тус бүс нутагт зорчихоор төлөвлөж буй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
- Өдрийн халуун үе буюу 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхаас зайлсхийх,
- Хоолны тодорхой хэмжээний дэглэм барих (хөнгөн хооллох), мах зэрэг удаан шингэцтэй хоол, хүнсийг багасгах, хагас боловсруулсан болон халуун ногоо ихтэй хоол хүнснээс татгалзаж, гоймон, загас, шинэ ногоо, жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэх,
- Биеийн шингэнийг нөхөх зорилгоор ус их хэмжээгээр уух, хийжүүлсэн эсвэл чихэрлэг ундаа, цай, кофены хэрэглээгээ багасгах, мөн хэт хүйтэн уух зүйл болон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,
- Гэртээ болон албан өрөө, тасалгаа, буудаллах зочид буудлын өрөөндөө агаар сэлгэлтийг тогтмол хийх,
- Хөвөн, даавуу зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн цайвар өнгийн хувцас өмсөж, малгай, нарны шил тогтмол хэрэглэх,
- Нарны тос түрхэж, арьсаа наранд түлэгдэхээс хамгаалах,
- Биед хүнд ачаалал өгөх, дасгал хөдөлгөөнөөс аль болох зайлсхийх зэрэг болно.
Иргэд Та бүхнийг өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн байгууллагад хандах, суугаа болон зорчиж буй оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.
Та амьдарч буй болон зорчих Европын орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://www.consul.mn/news/c/162
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
-
Үзэл бодол2019/10/01
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг сурталчилсан өргөө байгуулахы...
-
Шударга мэдээ2021/06/08
13 мянга гаруй зээлдэгч ХАА-г дэмжих зээл авчээ
-
Цаг үе2025/01/02
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2022/12/21
Жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо
