Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл

Огноо:

,

Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын дүнгээр энэхүү хамтарсан мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар гаргав.

Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтыг Монгол Улс, АНУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийв. Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судалж, чухал эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн харилцааны асуудал хариуцсан Туслах Төрийн Нарийн бичгийн даргын орлогч У.Бэйрд нар зөвлөлдөх уулзалтыг хамтран даргалав. Америкийн талаас зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн департамент, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорац, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац, ЭКСИМ банк, Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Холбооны нисэхийн захиргаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов. Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Олон улсын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, түүний дотор нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг даван туулахад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд олон улсын хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэйг Монгол Улс, АНУ харилцан нотлов.

Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг  бүхий л талаар бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг хамтын ашиг сонирхолд нийцүүлэн гүнзгийрүүлж, чадавхыг бэхжүүлэх, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг өнөөгийн болон шинэ механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа талууд харилцан нотлов. Монгол Улсын бизнесийн орчныг бэхжүүлэх, тухайлбал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглэв. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэлэлцээг амжилттай дуусгасныг нотолж 2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсанд талууд сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, энэ нь Монгол Улс, АНУ-ын хооронд байнгын шууд нислэг хийх, улмаар эдийн засгийн болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг  ахиулах, төрөлжүүлэх, бие даасан байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, эрчим хүчний аюулгүй байдал, чухал эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх болон цахим эдийн засгийн асуудлыг онцлов. Хоёр тал хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн төсөл, хөтөлбөр, түүний дотор 2021 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.доллар хүртэлх санхүүжилт бүхий Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэв. АНУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрчим хүчний засаглалын хөтөлбөр” нь эрчим хүчний салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц болно гэдгийг харилцан тэмдэглэв.

Цаг уурын хүнд нөхцөлд  өвөлжилтийг даван туулахад зориулан АНУ-ын зүгээс малчдад буцалтгүй тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Монгол, Америкийн харилцаа нь ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласныг онцолж, эрх зүйт ёс, засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, суурь эрх, эрх чөлөөг дээдлэх, түүнчлэн цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг бэхжүүлэх талаар талууд санал солилцож, бат бөх ардчилал болон хүчтэй эдийн засаг нь мөр зэрэгцэн оршдог болохыг тэмдэглэв.

Дэд бүтэц, чухал ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах, технологи зэрэг салбарт түншлэх замаар харилцан уялдаатай цэцэглэн хөгжсөн, аюулгүй, тогтвортой, чөлөөт, нээлттэй бүс нутгийг дэмжих  Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн санаачилгын талаар америкийн тал мэдээлэл өгөв. Талууд бүс нутгийн болон бусад санаа нэгт түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн 2018 оны замын зураглалын хэрэгжилтийг хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэн, тус баримт бичигт хамтын ажиллагааны  шинэ чиглэл, боломжийг тусган шинэчлэхээр тогтов.

Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох