Улстөр нийгэм
Экспортыг дэмжих арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэлийг өгөн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр УИХ-ын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө УИХ-ын даргад өргөн барив.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Төсвийн, Эдийн засгийн байнгын хороод болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулах чиглэл өгсөн юм.
Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч Төв банкны зүгээс банкуудын “IPO” зарлах ажлыг хуульд заасан хугацаанд гүйцэтгэх тал дээр анхааран ажиллаж буйгаа дуулгаад, өнгөрсөн онд “Голомт” Төрийн банк “IPO” зарласан бол “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банкуудын IPO зарлах ажлыг хуулийн хугацаанд буюу энэ оны зургаадугаар сараас өмнө амжилттай зохион байгуулна гэлээ.
Түүнчлэн 10 их наядын хөтөлбөрт тусгагдсан гурван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, зээлийн төлөлт болон эрсдэлийн тал дээр анхааран ажиллаж байгаагаа дурдаад, хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг ирэх хаврын чуулганд танилцуулна хэмээсэн юм.
Цахим орчинд яригдаж буй төв банкны удирдлагууд банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Түүнчлэн Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна.
Монголбанкны зүгээс экспортыг дэмжих чиглэлээр 2022 онд хийсэн ажлуудаа энэ онд үргэлжлүүлж байгаа аж. Тэр дундаа уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон хөгжил рүү түлхүү чиглүүлэх боломжуудыг бий болгох, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах уулзалтуудыг эхлүүлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Уул уурхайн бус экспорт, тэр дундаа ноолуурыг нэмүү өртөг шингэсэн, боловсруулалт сайтай бүтээгдэхүүн болгохоор холбогдох яамтай хамтран ажиллаж байгаа. Бид 10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоо гаргасан. Нэг жишээ дурдахад өнгөрсөн 2022 онд “Оюу толгой” компанийн орлого 1.4 тэрбум ам.доллар байсан. Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолж чадвал энэ хэмжээний орлого олох бүрэн боломж бий” хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2021/01/06
Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана
-
Улстөр нийгэм2026/05/18
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Цаг үе2023/12/12
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлнэ
-
Цаг үе2024/09/17
Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ
