Шударга мэдээ
Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийн нээлт боллоо
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон дүүрэг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлчүүдийн хувьд нэг том ажлын эхлэл, шинэ дэвшил болсон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа баяртай байна гээд гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адилхан хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэхүү “Дэд бүтцийн төв” төсөл.
Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг санаачилсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон нийслэлийн удирдлагуудтай ярилцаад, хотын утаа, төвлөрлийг сааруулах ажлын нэг нь байж болох юм гэж үзэж, эхлүүлж байсан энэ ажил өнөөдөр биеллээ олж, дуусчээ.
Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассаныг бид бүгд харж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг ашигласнаар үр дүн гарч болохын илэрхийлэл нь сайжруулсан түлш болон энэ төсөл юм.
Одоо хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад иргэдийн оролцоо чухал хэмээв.
Тэрбээр мөн энэ ажилд хичээн зүтгэсэн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, холбогдох бүх албан тушаалтнууд, иргэдэд талархал илэрхийлээд, цаашид ч бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ ажлыг анхнаас нь бодлогоор дэмжсэн болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүрэг, хорооны удирдлагууд гар нийлж ажилласныг тодотгоод, энэхүү төслиг ирэх жилүүдэд бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхээр 2020 оны төсөвт мөнгийг нь суулгаад ажиллаж байна гэлээ.
Нээлтийн үйл ажиллагааны дараа төсөлд хамрагдсан айл өрхүүдээр оров. Хувьсгалчдын 13 дугаар гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход гэрийн эзэд “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахааргүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай ийм орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” хэмээж байлаа.
Төслийн хүрээнд нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбосон төдийгүй эдгээр айлуудын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман технологийн цэвэрлэх байгууламжийг мөн барьж байгуулсан байна.
Үйл ажиллагааны төгсгөлд албан тушаалтнууд Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон, цэвэрлэх байгууламжтай танилцлаа.




Цэвэрлэх байгууламж нь хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, цэвэршүүлсэн усыг зүлэг ногоо услах зэргээр ашиглах төдийгүй цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой гэж “Дэд бүтцийн төв” төслийнхөн хэлж байв.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
