Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 1994 онд баталж, 1995 оноос хэрэгжүүлснээс хойш тэтгэврийн шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тогтооход баримтлах цалин хөлсний дээд хэмжээг тодорхойлох, тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсний дундаж хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр нэг удаа өөрчлөх боломжийг олгох, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, үнэ ханшны өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны шимтгэл төлөх харилцааг зохицуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлаас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 17.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2042 онд эрэгтэй хүн, 2067 онд эмэгтэй хүний өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тус тус тусгасан.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг төрсөн оноос нь хамааруулан тогтоох, тэтгэврийн  наснаас эрт тэтгэвэр тогтоолгох иргэдийн хувьд шимтгэл төлсөн байвал зохих хугацааг үе шаттайгаар өсгөх зэрэг тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг улам нэмэгдүүлж цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүрээд байна.

Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулсан. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 7, цаашид 2050 оноос 9 тэтгэвэр авагч болохоор байна.

Мөн хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өссөн. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр тус тус өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байна.

Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Дэлхийн банкны зөвлөхөөр хийлгэсэн. Энэхүү тооцооллоор дараах зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгсөн.

Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоондоо параметрийн шинэчлэл хийхээ хойшлуулах тусам төсвийн зардал нэмэгдэж, илүү тогтвортой, шударга байдлыг хангасан параметр бүхий тогтолцоонд шилжихэд улам л хүндрэлтэй болно. Суурь тооцооллоос харахад тэтгэврийн даатгалын санд шаардагдах улсын төсвийн татаас  хурдацтай өсч, төсвийн даацаас хэтрэх түвшинд очихоор байна. Улсын төсвийн татаас 2021 онд ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бол 2030 онд 6.8 хувь, 2050 онд 11.3 хувь хүртэл өсөх төлөвтэй байна. Мөн шимтгэлийн хувь хэмжээг ирээдүйд олгохоор амлаж буй тэтгэврийн хэмжээтэй сайтар уялдуулалгүйгээр доогуур тогтоосон, тэтгэвэрт гарах нас эрт байгаа нь улсын төсвийн татаасыг нэмэгдүүлэхэд гол нөлөөлөл үзүүлж байна. Тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн ахмад настны тоо нэмэгдсээр байгаа нь цаашид зардлыг улам өсгөнө.

Тэтгэврийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн татаасын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцоог илүү шударга, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг илүү тодорхой болгох зорилгоор дараах шинэчлэлийг санал болгосон байна. Үүнд:

 
  • Тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлдэг болох: Тэтгэврийн хэмжээг автоматаар нэмэгдүүлж байх, тухайлбал хэрэглээний үнийн индексээр өсгөж нэмэгдүүлдэг бодлого баримтлах
  • Түүнчлэн, тэтгэвэр бодох хувь хэмжээг шимтгэл төлсөн жил бүрт жигд тооцох: Өнөөдрийн байдлаар тэтгэвэр бодох хувь хэмжээг даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааны эхний жилүүдэд өндөр, харин сүүлийн жилүүдэд арай доогуур хувиар тооцож байна. Тэтгэвэр бодох хувь хэмжээг шимтгэл төлсөн жил тутамд ижил түвшингээр, тухайлбал жил тутамд 2 хувиар тооцдог болбол даатгуулагч илүү олон жил ажиллаж, шимтгэл төлөх хөшүүргийг бий болгоно.
  • Ирээдүйд авах тэтгэврийн хэмжээ хамрах хугацааны цалин, хөлстэй харьцуулахад буурах төлөвтэй тул ажил олгогч болон ажилтнууд сайн дурын, хувийн, нэмэлт тэтгэврийн системд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарах: Бүрэн хуримтлалын зарчимд суурилж, шинээр хөгжүүлэх боломжтой ийм нэмэлт тэтгэврийн системийг холбогдох хуулиар зохицуулж, хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянах шаардлагатай гэж тус тус зөвлөсөн.
  • Шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардагдах төсвийн зардал нь параметрийн сонголт, зах зээлийн өгөөж зэргээс хамааран ирэх гуч гаруй жилийн хугацаанд ихээхэн хэмжээгээр нэмэгдэнэ: Монгол Улсын хуваарилалтын тогтолцооноос бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэвэл өнөөгийн даатгуулагчдаас төвлөрүүлэх шимтгэлийн бүх орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийг тусгай санд байршуулах шаардлагатай тул Монгол Улсын одоогийн хуваарилалтын зарчим бүхий хийсвэр нэрийн дансны систем шиг төвлөрүүлсэн шимтгэлээрээ өнөө үеийн тэтгэврийг санхүүжүүлэх боломжгүй болно. Засгийн газар одоогийн тэтгэвэр авагчдад олгох тэтгэврийн зардлыг санхүүжүүлэхийн тулд улсын төсвийн татаасыг эрс нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Улсын төсөв дээр ирэх ийм огцом, хэт их ачаалал хуримтлалын данснаас тэтгэвэр олгож эхлэх, улмаар төвөөс санхүүжүүлэх тэтгэврийн зардал мэдэгдэхүйц буурах хүртэл олон жил үргэлжлэх болно. Иймд хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжих нь зүйтэй гэж зөвлөсөн.

Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн хүрээнд шимтгэл төлж ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоох насны талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиас бусад салбарын хуульд тусгасан нь хууль хооронд зөрчил, хийдэл үүсгэж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан иргэний өндөр насны тэтгэврийг цалингийн 60 хувиар бодох, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчээр 25 жил ажилласан, эсхүл 55 нас хүрсэн шүүгч, мөн Прокурорын тухай хуульд 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласнаар тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж, хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байсан.

Мөн богино хугацааны буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох харилцааг даатгуулагчийн урт хугацааны тэтгэврийн харилцаатай нэгтгэн зохицуулсныг салгаж тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай байна. 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн иргэнд тэтгэвэр тогтоох, олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн зохицуулалттай нэгтгэн нэг хуулиар зохицуулах шаардлагатай. Түүнчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог тодорхойлох нь зүйтэй.

Хуулийн төслийг боловсруулахдаа тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд Дэлхийн банк, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага болон гадаадын зөвлөхүүдийн хийсэн үнэлгээ, тайлан, санал, дүгнэлтийг харгалзан үзсэн.

Тэтгэврийн сангийн өнөөгийн байдал, улсын төсвийн санхүүжилт, хүн ам зүйн ачаалал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын өөрчлөлт, олон улсын тэтгэврийн тогтолцооны чиг хандлага, урт хугацааны тооцоолол зэргээс харахад Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны эрх зүйн хүрээг шинэчлэх бодит үндэслэл, хэрэгцээ, шаардлага байна гэж үзсэн.

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр 3 сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох