Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Харшийн сүлд модны наадам”-д 700 гаруй хүүхэд багачууд оролцлоо

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Харшийн сүлд модны наадам” /2022.12.24/ боллоо. Тус наадмыг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Харин өнөөдрийн тухайд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос 40 гаруй жил зохион байгуулж буй уг наадмыг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон, сүүлийн арван жил дэмжин ажиллаж байгаа. Өглөө 09:00 цагаас эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань цэнгээнт бүжиг сурч,  хөгжөөнт тоглоом тоглон, урлагийн тоглолт үзэж байна. Зөвхөн урлагийн тоглолт үзэх бус, бусад хүүхдүүдтэйгээ ч мөн танилцан нөхөрлөж байгаа юм. “Харшийн сүлд модны наадам”-д ирсэн хүүхэд бүрд гарын бэлэг өгч байгаа бөгөөд урлаг спорт, сурлагын амжилт гаргасан 20 хүүхдэд орон орны бяцхан өвлийн өвгөд гарын бэлэг гардуулсан” хэмээв.

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор анх 1981 онд өвлийн барилга, байгууламжаа ашиглалтад оруулсан бөгөөд тэр цагаас хойш “Харшийн сүлд модны наадам"-ыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар тус цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат “Манай “Харшийн сүлд модны наадам” арванхоёрдугаар сарын 21-27-ныг хүртэл долоо хоног үргэлжилнэ. Энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн. Мөн  Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй уран бүтээлч хүүхдүүд хүрэлцэн ирж, урлагийн тоглолтоо толилуулж байна. Тоглолтод сонгогдсон уран бүтээлчид маань долоо хоногийн өмнөөс байрлан, тоглолтуудаа шинээр зохиомжилсон. Үзэгч хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлах, нэгнээ гомдоохгүй, гадуурхахгүй байх, сайн хүн болохын тухай сургамжилсан зохиомж бэлтгэсэн. Уран бүтээлч хүүхдүүдээс гадна Найрамдал зуслангийн 100 гаруй багш ажилтан буюу нийт 300 орчим хүн зохион байгуулалтад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тоглолт буюу асрамж, халамжийн төвийн хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэлээ” гэв.

“Харшийн сүлд модны наадам”-д тив тивээс ирсэн бяцхан өвлийн өвгөд болон уран бүтээлчид хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ

Европ тивийн өвлийн өвгөн:

-Хүсэл мөрөөдлийн бэлгэ тэмдэг

Харшийн цэнгүүндээ морилон саатсан

Энхрий бяцхан хүүхдүүд

Эрхэм анд найз нар минь сайн байцгаана уу?

Цас шиг цагаахан сэтгэлтэй

Цайлган хөөрхөн хүүхдүүд та нар минь

Үйлс бүхэн нь үргэлж биелж

Үлгэр адил жаргах болтугай

Хөгшин Европ тивийнхээ халуун мэндийг хүргэе, өвөө нь.

Америк тивийн өвлийн өвгөн:

-Америкаас Монголд ирэхэд хол байлаа. Америкт дандаа зун болдог болохоор халуун бүгчим байдаг. Монголд харин хүйтэн байна.

Монгол өвлийн өвгөн:

-Би хүүхдүүд баярлуулах дуртай. Учир нь хүүхдүүдийг баярлуулах нь хүмүүсийн үүрэг бөгөөд хүүхдийн эрхийг хүндэлж байгаа нэг хэлбэр гэж боддог.

Австрали тивийн өвлийн өвгөн:

-Эргэх эх дэлхийн

Энэхэн нэгэн төлөөлөл

Эрхэмлэн дээдлэх байгаль дэлхийн

Эгнэшгүй суут бүтээл

Мөнхийн ногоон Австрали тивээсээ

Мөн ч их яаран ирлээ би

Байгаль эхээ хайрлан хамгаалж

Баялаг түүхийнхээ эзэд нь болоорой, хүүхдүүд ээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн Уянга Борхойн Дэг хүүхдийн бүжгийн чуулгын уран бүтээлчид:

-Бид арванхоёрдугаар сарын 12-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт ирж, бэлтгэлээ хийсэн. Ийнхүү өдөр тутмын тоглолтуудаа амжилттай толилуулж байна. Дүү нар болон үеийн найзууддаа тоглолтоороо бэлэг барьж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Тэд маань ч халуун дотноор хүлээн авч байгаад нь баярладаг. Бид монгол модерн бүжиг, олон үндэстний бүжиг зэргийг найзууддаа болон дүү нартаа хүргэсэн. Энэхүү тоглолтод шалгараад оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна. 

Ийнхүү өнөөдөр асрамж, халамжийн төвийн хүүхэд багачууд цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом тоглон, хөтөлбөрт бүжгийн цэнгүүнд оролцож, харшийн тоглолт үзэн, баярын зоог барьсан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох