Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ӨНӨӨДӨР: Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болно

Огноо:

,

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

УИХ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 190 дүгээр захирамжаар “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “Нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.

Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг хуульд заасан хугацааны хамгийн богино буюу 14 хоногийн хугацаанд сонсголыг зарлаж, энэ лхагва гарагт /2022.12.21/ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасныг тодотгоод сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон даяар шууд дамжуулах боломжтойг хэлэв.  

Сонсгол нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус Байнгын хорооны ирцээр явагдах бөгөөд Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан, үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай, нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл, шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаар гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.

Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ мөн тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас сонсголд оролцохоор бүртгүүлснийг тэмдэглэж, ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөллүүд оролцоно. Сонсголд оролцогчдоос сонсож байгаа асуудалтай холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл санал, хүсэлт, мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсний дагуу санал хэлэх боломжийг хангана гэдгийг хэллээ.

Ерөнхий хяналтын сонсгол 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас Төрийн ордонд эхлэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох