Шударга мэдээ
Авлига, албан тушаалын зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 12-16-нд хэрэг бүртгэлтийн 28181, мөрдөн байцаалтын 2256 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 262 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 41 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 175, Өмчлөх эрхийн эсрэг 115, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Эдийн засгийн 11, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 14, Авлигын 6, Амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, нийт 388 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал:
"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М, тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниудын гүйцэтгэх захирлуудаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М, мэргэжилтэн Н, Х нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Т, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн М нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
“Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал ОХУ-ын иргэн С нь 222,965,153.2 төгрөгийн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 2.2-т /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Иргэн У, Б нар нь Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор алт хууль бусаар нэвтрүүлсэн, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/ яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2021/10/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай ца...
-
Улстөр нийгэм2024/05/13
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Шударга мэдээ2024/11/29
Төрийн банк БОУАӨЯ-тай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах сана...
-
Урлаг спорт2023/05/15
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын “Сүүнг чинг линг” сангийн тө...
