Шударга мэдээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5-9-нд хэрэг бүртгэлтийн 27971, мөрдөн байцаалтын 2569 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 328 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 15 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 130, Өмчлөх эрхийн эсрэг 81, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Авлига албан тушаалын 3, Амьд явах эрхийн эсрэг 9, Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөнгө угаах тус бүр 2, нийт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийг дурдвал,
- Иргэн Б “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн логог ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээж, өөрийгөө тус компанийн ажилтан гэж танилцуулан, “урамшуулалд хамруулна, урамшуулал олгож байна” зэргээр хуурч мэхлэн 24 иргэний гар утасны программ дээрх дансны нэвтрэх нэр, нууц үгийг авч, нийт 103.662.823 төгрөгийн үнийн дүн бүхий Ардкойн, Ихкойн нэртэй виртуал хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, виртуал хөрөнгийн эх үүсвэрийг өөрчилж мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Иргэн Н өөрийн фэйсбүүк хаягаар 10-15 насны охидтой танилцан, чатаар харилцаж, садар самууныг сурталчилсан өөрийн дүрс бичлэгийг илгээх, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр харилцаж, бага насны болон насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан, сурталчилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял шийтгүүлсэн иргэн Л-ийн нийгмийн даатгалын мэдээлэлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээс Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллах боломжийг олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г, ерөнхий нягтлан бодогч Б.А, Нийтлэг аж, ахуйн албаны дарга Т.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2020/01/06
Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна
-
Шударга мэдээ2022/09/26
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр бол...
-
Цаг үе2025/04/24
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байг...
-
Цаг үе2026/04/20
Борцгор хотон нь Монгол оронд “Устаж байгаа” ангилалд орсон нэн ховор шувуу
