Шударга мэдээ
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болно
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Сонсгол явуулах сэдэв:
1.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;
2.Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;
3.Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;
4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай.
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.
- Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар захидал илгээн бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
- Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болно.
- Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байрлуулна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар /Лавлах утас: 51-262165/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2020/10/26
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Улстөр нийгэм2024/04/29
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
-
Цаг үе2024/03/18
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөр...
-
Цаг үе2022/09/14
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аян амжилттай хэрэгжиж, шилдэг хороодыг...
