Цаг үе
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан “Орон сууцны ашиглалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаанаар шинээр боловсруулан бэлдсэн Орон сууцны ашиглалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ, “Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл” ТББ, “Монголын эрх зүйн орчны хөгжлийн холбоо” ТББ, Хувийн орон сууцны байгууллагуудын төлөөлөл багтаж байна.
Ажлын хэсгийн дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга боловсруулсан төсөлтэй холбоотойгоор дараах үүрэг, чиглэлийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө. Үүнд:
-Газрын тухай багц хуулийн төсөлтэй уялдуулж, хуулийн төсөлд шаардлагатай боловсруулалтуудыг нэмж хийх;
-Практикт гарч буй хүндрэлтэй асуудлуудыг хуулийн төсөлд тусган, шийдвэрлэх зохицуулалтуудыг боловсруулахад онцгой анхаарах;
-Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хуулийн төслийн талаар уулзалт, хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулах;
-Сууц өмчлөгчид, сууц өмчлөгчдийн холбоо, хангагч байгууллагуудтай хэсэгчилсэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь авах багтжээ.
Эх сурвалж: БХБЯ
Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
-
Цаг үе2023/10/04
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв
-
Цаг үе2023/09/01
Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
-
Цаг үе2019/12/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/01/09
Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа
