Улстөр нийгэм
Засаг дарга Д.Сумъяабазар үе үеийн НИТХ-ын төлөөлөгч, удирдлагуудад талархал илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр үгийнхээ эхэнд НИТХ-ын дарга болон төлөөлөгчид, оюун бодол, эрдэм мэдлэг, чадвараа нийслэлийнхээ хөгжлийн төлөө зориулж ирсэн үе үеийн нийт төлөөлөгч, хотын удирдлагуудад Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг дэвшүүлээд хамтран зүтгэж байгаа НИТХ дахь АН, ХҮН, МАН-ын бүлгийн төлөөлөгч гишүүддээ талархал илэрхийлэв. Тэрбээр эхлээд өнгөрсөн 30 жилд нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг хэрхэн тэлснийг илтгэх тоо баримтуудыг танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн өрхийн тоо 3.3 дахин, бүртгэлтэй ААН байгууллага 11.3 дахин өсжээ. Улаанбаатар хотын ДНБ 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 оны эцэст 27.4 их наяд төгрөг болж өссөн. Нийслэлд авто замын нийт урт 5.5 дахин өссөн байна.
Засаг дарга Д.Сумъяабазар “...Монгол Улсад нутгийн удирдлагын байгууллагыг бие даан хөгжүүлэх, төлөвшүүлэх, хууль эрх зүй хийгээд бусад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд нэгэн зорилго нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг төлөвшүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажлыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна...” гэдгийг онцоллоо.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулснаар нийслэл Улаанбаатар хот нь бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хотуудаас ялгаатай тусгай хот юм гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж, цаашдын хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийхдээ нийслэл хотын онцлогийг харгалзан, тусад нь зохицуулах боломжийг бүрдүүлснийг тодотгов. Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн мэргэн үгийг санаж, нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, түмэн олноороо нэгэн зүгт харж Их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа.
Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

