Цаг үе
Хөгжлийн банкнаас олгосон зээлийг салбарын ангиллаар танилцуулж байна
Нийт зээлийн 54.7% буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон зээл эзэлж байна. Тухайлбал,
- “БЭРЭН ГРУПП” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”,
- “ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”,
- “МАК ЦЕМЕНТ” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”,
- МОНПОЛИМЕТ ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”,
- “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”,
- “ХӨТӨЛ” ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”,
- “ЭРЭЛ” ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”,
- НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,
- “ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэрэг төслүүд багтаж байна.
Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчид нийт 580 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайлбал,
- ТОСК-ийн 2910 айлын орон сууц, 1100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл, Шинэ яармаг хороолол төсөл,
- “ПИРАМИД ОРД” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл,
- “БАРМОН” ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”,
- “ЭРДЭНЭС МОНГОЛ” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”,
- “ШАНХ МАЙНИНГ” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”,
- “ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг төслүүд багтаж байна.
Эрчим хүчний салбарт 4 зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тодруулбал,
- “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”,
- ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”,
- ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”,
- “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” зэрэг төслүүд багтаж байна.
Уул уурхайн салбарт 9 зээлдэгчийн нийт 291.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тухайлбал,
- “ГАН ХҮДЭР ОРД” ХХК-ийн “Хорголжин төмөр үйлдвэрлэх”,
- “ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК-ийн “Алт 2 хөтөлбөр – Алтны хүүшийн амны орд”,
- “ЦЭЦЭНС МАЙНИНГ” ХХК-ийн “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төсөл”,
- “БОЛОР ШҮР” ХХК-ийн “Алт олборлолт-Хужиртын алтны шороон орд” төсөл зэрэг төслүүд багтаж байна.
- “ЗЭСТ-ӨНДӨР” ХХК-ийн “Ширэн-Овоо төмрийн хүдрийн орд зэрэг төслүүд багтаж байна.
Агаарын тээврийн салбарт 2 компанид нийт 42.6 тэрбум төгрөгийн зээл олгосон.
- “ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ” ХХК,
- “ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ
Хөдөө аж ахуйн салбарт нийт 8.1 тэрбум төгрөгийн зээл олгосон.
- “СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД” ХХК-ийн “Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл,
- “МОНПЕЛЛЕТС” ХХК-ийн “Хонины ноосон органик бордоо” зэрэг төслүүд багтаж байна.
Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 775.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Үүнээс бэлэн мөнгөөр 677.4 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.
Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй томоохон зээлдэгчдийн мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Цаг үе2024/12/26
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна
-
Үзэл бодол2023/04/04
Уул уурхайг аж үйлдвэржилттэй хослуулахыг Ерөнхий сайд уриаллаа
-
Цаг үе2020/03/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Урлаг спорт2022/10/28
Буудлагын спорт: ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ
