Шударга мэдээ
Олон чиглэлд хамгийн хямд үнээр ая тухтай нисэх боломжийг бүрдүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Мөн боомтийн сэргэлтийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хамгийн хямд тийзээр, хамгийн аюулгүй, ая тухтай нисдэг байх бодлого баримталж байна.
Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагтай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.
Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах 145.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, 7%-ийн хүүгийн дэмжлэгтэй олгоход Засгийн газраас 11.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүг хариуцаж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулж байна.
Ингэснээр Цар тахлын 2 жилийн хугацаанд санхүүгийн нөөц нь барагдсан агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх, агаарын тээврийн зах зээлд гарч буй шинэ боломжуудыг шуурхай ашиглаж өрсөлдөх боломж бүрдэж байна. Мөн агаарын хөлгийн түрээсийн зах зээлийн хямд үнийн боломжийг ашиглан урт хугацаатай, өртөг багатай түрээсийн гэрээгээр агаарын хөлгийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар “Орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах талаар авах зарим арга хэмжээний талаар” санал танилцуулж, зарим тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхийг зорьж байна. Үүнд:
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т нэмэлт оруулах асуудлыг эрчимжүүлж, шийдвэрлэхээр тогтсон.
- Өнөөдөр нислэг гүйцэтгэж байгаа гадаад улсын нисэх буудалд шатахуун 1 тонн нь 1150-1280 ам доллар, Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа. Тэгвэл агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллараар буурах боломж бүрдэнэ гэж тооцож байна.
- Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй агаарын хөлгийн шатахууны үнийг 1 тонн тутамд 1.0 сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5%-8% буурах тооцоолол гарсан
- Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд улсын болон орон нутгийн төсөв, навигацийн орлогоос зохицуулалт хийх замаар татаас олгохыг шийдвэрлэхийг зорьж байна.
- Нийтийн тээвэрт нэг өдөрт 500 орчим сая төгрөг, жилд 180.0 тэрбум гаруй төгрөгийн татаас нийслэлийн төсвөөс олгодог. Тэгвэл орон нутгийн 9 чиглэлд тухайн орон нутгийн иргэдэд тийзийн үнийг 50 хүртэл хувиар хямдруулах зарчмаар татаас олгохоор тооцоход жилд олгох нөхөн олговрын хэмжээ 8 тэрбум орчим төгрөг байна.
- Зорчигчийн эрэлтээс хамаарч Өлгий, Ховдын чиглэлд долоо хоногт 3, Улаангом, Улиастай чиглэлд 2, бусад чиглэлд 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр татаасын хэмжээг тооцож, 2019 оны нислэгийн үзүүлэлтийг суурь болгон авч үзсэн болно.
- Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
- Агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр тогтсон.
- Авто тээвэр, төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг татвараас чөлөөлдөг, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг татвараас чөлөөлдөггүй.
- Тээврийн салбар хоорондын харилцан уялдаатай хөгжих, өрсөлдөх, агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын холимог тээврийн сүлжээг хөгжүүлэх, цахим борлуулалтад татварын нэгдсэн зохицуулалт шаардлагатай.
- Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бүрдүүлснээр жилд 3.1 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж тооцогдохгүй болж, зорчигчийн тийзийн үнэ 8 хувиар буурахаар тооцож байна.
- Орон нутгийн агаарын тээврийг сэргээн тогтворжуулах дээрх зорилтуудыг хэрэгжүүлснээр тийзийн үнэ 50 хүртэл хувиар бодитоор буурах, зорчигч урсгал нэмэгдэх, нисэх буудлуудын ашиглалт сайжрах, агаарын тээвэрлэгчдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, улсын төсөвт татвар төвлөрүүлэх, зарим чиглэлийн нислэгийг сэргээх, төвлөрлийг сааруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж тооцож байгаа юм.
Цаашид агаарын тээвэрлэгчид харилцан ашигтай хамтран ажиллах, олон улсад хамтран өрсөлдөх боломжийг нээснээр иргэний агаарын тээврийг стратегийн салбар болгон хөгжүүлнэ. Дотроо өрсөлдөх биш бие биенээ дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг байхыг чухалчилж байна. Тухайлбал зардлын бараг тал хувийг эзэлдэг шатахууны зардлыг бууруулах, бүгд нэг цонхоор хамгийн хямд үнээр худалдан авалт хийдэг байх нь зөв гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн алслалт ихтэй олон улсын шинэ нислэгийн чиглэлүүдийг шат дараатай нээхийг зорьж байна. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан шатахуун зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц агаарын хөлгийг нэвтрүүлж бодит хэмнэлт үүсгэнэ.
Цаашдаа орон нутагт 9 чиглэлд тогтмол нислэгтэй болгож, тухайн орон нутгийн иргэд нь илүү хямд үнээр зорчдог байх боломжийг бүрдүүлнэ. Энэ нь иргэд нутагтаа сайхан амьдрах, орон нутгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлоготой нийцэж байна.
Мөн иргэний нинисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлж агаарын тээврийн либералчлал, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын тээврийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэд хамгийн олон чиглэлд, хамгийн хямд тийзээр зорчих, агаарын тээвэрлэгч нарт “CODE SHARING” хийх буюу аяллын дугаар хамтран ашиглах боломжийг нээхээр ажиллаж байна.
Дашрамд дурдахад саяхнаас МИАТ компани ачаа тээврийн Б757F агаарын хөлгөөр карго нислэг үйлдэж эхэлсэн. Эхний ээлжинд БНХАУ, БНСУ, БНТУ, Хонконг, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг улсууд руу тогтмол карго нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
