Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ гишүүдээ томиллоо
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан
- 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.
- 41 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник - цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
УИХ, Засгийн газар, орон нутгийн уялдаа холбоог сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хурдасгах, Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийн хяналт үнэлгээг сайжруулахад бодитой ахиц гаргана.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын
түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар
- 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.
- 47 настай
- Эхнэрийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн бодлого тодорхойлох, нийслэл Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- 964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн.
- 58 настай
- Эхнэрийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга,
- 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал,
- 2004 оноос Их Хурлын гишүүн,
- 2009-2010 онд Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд,
- 2018-2020 онд Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
- 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн.
- 54 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
- 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
- 2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2007-2008 онд Засгийн газрын гишүүн - Түлш, эрчим хүчний сайд,
- 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2017-2021 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
- 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2021 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу яамд хоорондын хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт
- 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.
- 48 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер,
- 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга,
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2019-2020 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигтийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлэх зэрэг бодлогын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар
- 1973 онд Улаанбаатар хотод төрсөн
- 49 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал,
- 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх,
- 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч,
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн санг бий болгон хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын иргэдэд хүргэх бодит хүртээмжийг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог дэмжих, алт, зэс, төмрийн хүдрийг боловсруулах хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Даваажанцангийн Сарангэрэл
- 1963 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 59 настай
- Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант,
- 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор,
- 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч,
- 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал,
- 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,
- 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
- 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
- 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.
Томилох үндэслэл:
Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог төлөвшүүлэх, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэх, тэтгэвэр, нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуун
- 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
- 58 настай
- Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,
- 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,
- 1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал,
- 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал,
- 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр эх орноо хангах, Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулах, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экспортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал
- 1987 онд Улаанбаатар хотод төрсөн
- 35 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2010-2016 онд “Рояаль” Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга,
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,
- 2015 онд Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх,
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга,
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, төрийн чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, “Цахим Монгол” хөтөлбөрийг шинэ шатанд гаргах, Цахим гарын үсгийг нэвтрүүлэх, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр үндэсний компаниудаа дэмжиж ажиллах чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн
- 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн
- 52 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
- 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал,
- 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал,
- 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал,
- 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга,
- 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн-Сангийн сайд,
- 2017-2020 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход томоохон хувь нэмэр оруулна.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байна.
Улстөр нийгэм
ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн, УИХ-ын Ажлын хэсэг санал, дүгнэлт гаргасныг ахлагч Х.Баасанжаргал танилцууллаа. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан энэхүү бие даасан хуулийн төсөл боловсруулсан. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчимд тулгуурлан төсөл батлагдсанаар гэр бүлийн хэргийн харьяалал тодорхой болж, хүүхдийн эрхийн олон асуудал шийдэгдэнэ. Олон улсын жишигт нийцүүлэн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шинэ аргачлалаар тооцох, зан үйлд сургах, мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулах, эвлэрүүлэн зуучлах, шүүхэд ажиллах гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагчийн хорооны гишүүн эвлэрүүлэн зуучлагч, шүүгч, эвлэрүүлэн зуучлалын шүүгчийг сургах, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшүүлэх, шинжээч нь бакалаврын түвшний мэдлэг, мэргэжилтэй, гурваас дээш жилийн туршлагатай байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн саналуудыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс 65 санал боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, ахлагч Х.Баасанжаргал танилцуулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор өнгөрсөн жил өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, улмаар хүний эрхтэй холбоотой 70 гаруй гэрээнд, үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байгаа. Манай улсад бие даасан 590 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 2020 оноос хойших хугацаанд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хурлаас баталж хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд тодорхой дэвшил гаргасан. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 170 зөвлөмжийг өгснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзжээ.
Уг хуулийн төсөлд үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, албаны нууцын хүрээг хумих, хөгжлийн бодлогын баримт бичигт хүний эрхийн шалгуур бий болгох, хуульчдын олон улсын гэрээний талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг тусгасан. Нийт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураав. Төслийг гишүүдийн олонхын саналаар дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хууль зүйн байнгын хороо уртасгасан цагаар хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хувийн эрх зүйн суурь хуульд тооцогдох Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн. Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдах ажээ. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох зэрэг харилцааг зохицуулах талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл танилцуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор сургуулийн өмнөх болон бага боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.





Улстөр нийгэм
ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидтэй 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уулзаж санал солилцов.
ОУВС нь Дүрмийн IV заалтын хүрээнд гишүүн орнуудын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, макро эдийн засгийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлох, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулдаг. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Дүрмийн IV заалтын дагуух ээлжит зөвлөлдөх уулзалтаа Авлигатай тэмцэх газарт хийсэн юм.
Уулзалтын үеэр авлига нь зөвхөн хууль сахиулах байгууллагын асуудал бус, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн төрд итгэх итгэлтэй шууд холбоотой засаглалын тулгамдсан асуудал болохыг онцлон тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, тухайлбал нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр бодит үр дүн гаргаж буй талаар мэдээлэл өгсөн юм.
Авлигатай тэмцэх газар нь мөрдөн шалгах чиг үүргээс гадна авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, байгууллагын засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бодлогын болон институтийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн албаны шударга байдал, цахим засаглал, иргэний оролцоо, хувийн хэвшлийн комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Мөн улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудал нь цаашдын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл хэвээр байгааг талууд онцлон тэмдэглэж, харилцан санал солилцов.
-
Улстөр нийгэм2020/12/19
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна
-
Цаг үе2024/10/03
“Эрдэнэс Тавантолгой” ХК 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая то...
-
Улстөр нийгэм2020/09/25
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...
-
Үзэл бодол2022/01/04
Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна...

