Цаг үе
МХЕГ: 11 компанийн 5720.6 тн махыг экспортлоход хяналт тавьж байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.
Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна.
Мах экспортлогч аж ажуйн нэгжүүдэд анхааруулахад:
Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 6 сар тутам хамруулах,
Монгол Улсын МХЕГ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2011 онд байгуулсан “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай” протоколын 4, 6-10 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэх,
Монгол Улсын ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд “БНХАУ-д адууны мах экспортлохтой холбогдсон хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай” протоколын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэх,
Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлохдоо МХЕГ-ын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01-02-025/02 тоот зөвлөмжийн 1 дүгээр бүлгийн 2.2, 2 дугаар бүлгийн 3, 6, 3 дугаар бүлгийн 8, 9, 6 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийг бүрэн хэрэгжүүлэх, хавсралтаар гаргасан “Коронавируст (КОВИД 19) цар тахлын үед экспортын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт хэрэглэгдэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис”-ыг хэрэглэсэн эсэх,
Төрийн хяналт шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Шударга мэдээ2023/11/30
ЗГ: Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөө...
-
Цаг үе2023/04/06
“Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах нүүрсний төмөр замын анхны тээ...
-
Улстөр нийгэм2022/11/11
"Улсын их дэлгүүр", "Гермес центр" компанийн хувьцааны ханш ...
-
Шударга мэдээ2024/08/01
Төрийн банкны “Ялалтыг ойроос дэмжье” аяны азтанууд Парисыг зорилоо
