Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг дарга Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа.

Уулзалтад Японы  Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироки нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Харин Монголын талаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нарын төлөөлөгчид байлцлаа.

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо:

-Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай хэдийнээс сайхан харилцаатай байж ирсэн. Хоёр улсын хувьд 50 жилийн түүх бүхий найрсаг харилцаатай. Өнгөрсөн 50 жилийн үндэс суурийг нь бэхжүүлсэн хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа дараагийн 50 жилд хэрхэн улам бэхжүүлж, өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлсон  чухал ач холбогдолтой уулзалт байлаа хэмээсэн юм.

Мөн Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Шимомүра Хакүбүн:

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай сонслоо. Японд Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь Парламентын гишүүн байхыг зөвшөөрдөг. Харин Монгол Улсад Засгийн газрын 17 гишүүнтэй байлаа гэж бодоход түүний дөрөв нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрдөг юм байна. Ийм бага харьцаатай байхаар Засгийн газар болон УИХ хоорондын харилцан ойлголцол жаахан түвэгтэй болж, бодлогын уялдаа холбоонд бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд Засгийн газрын бүх гишүүн давхар Парламентын гишүүн байдаг. Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Япон улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд танай улсаас сурах зүйл байна хэмээн тодотголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын 30 орчим жилийн түүхэнд Япон улсын хөрөнгө оруулалтаар буй болсон бүтээн байгуулалтууд нь өнгө үзэмж, чанар чансааны хувьд дээд зэрэглэлийнх төдийгүй япон стандарт хэчнээн гайхалтай байдгийг бид бүхэнд бэлхнээ харуулсан. Хамгийн сүүлд өргөн далайцтай өрнөсөн бүтээн байгуулалтад Чингис хаан олон улсын нисэх буудлыг дурдаж болох юм. Манай хотын нүүр царайг чимж, хүч чадлыг илэрхийлсэн олон бүтээн байгуулалт бий. Цаашдаа дэд бүтэц, санхүү, цахим хөгжлийн салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг  татах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох талаар ярилцаж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы парламентын 12 гишүүн, 86 удирдах албан тушаалтан багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хүрэлцэн ирлээ.  Цаашид манай хоёр улсын харилцаа улам нягтарч, бид Японы хөгжилд хүрэхийн төлөө ажиллах ёстой гэдгийг харуулж байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр хотын төдийгүй хоёр улсын эрх барих дээд байгууллагын дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны эхлэл боллоо” хэмээн өгүүлсэн юм.  

Уулзалтын үеэр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг одоогоос хэдэн жилийн өмнө УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн даргаар амжилттай сайн ажилласныг дурсан өгүүлж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох