Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах олон улсын хамтарсан төв байгуулах талаар санал солилцов

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээнд оролцож буй Япон Улс, ОХУ-ын эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. 

Энэхүү симпозиумыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв  болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран энэ сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хорт хавдрын мэс заслын орчин үеийн арга технологи, дүрс оношилгооны шинэ аргуудаас суралцаж, туршлагажихын чухлыг онцлоод өөрийн орны сайн туршлагаасаа хуваалцаж манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд таван жил болсон байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ тогтолцоог бэхжүүлэхэд “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. 

Мөн хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ технологиудыг нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад гурван улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв. 

ОХУ болон Япон Улсын эмч, мэргэжилтнүүд УИХ-ын даргын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа тэмдэглээд хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээний шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. ОХУ-ын эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан хорт хавдрын орчин үеийн өндөр техник-технологи хэдийнэ нэвтэрсэн бол Япон Улсад дүрслэл оношилгооны технологийг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний олон аргыг амжилттай нэвтрүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн ерөнхий захирал, ОХУ-ын Хавдар судлаачдын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн академич Каприн Андрей, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн шинжлэх ухаан хариуцсан дэд захирал Шегай Петр, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хавдар судлалын тэнхимийн профессор, Эрхүү хот дахь бүсийн Хавдар судлалын төвийн мэс засал хариуцсан орлогч дарга Расулов Родион, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот дахь Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хэвлийн хавдар судлалын тасгийн эмч Муратов Андрей, Япон Улсын Жунтендо их сургуулийн Гастроэнтерологийн дүрслэл, интервенцийн хавдар судлалын тэнхимийн доктор, Хүний их эмч, анагаах ухаан доктор Шиина Шуичиро, Япон Улсын Хавдар судлалын үндэсний төвийн ЭХО оношилгооны тасгийн эрхлэгч, Хүний их эмч, профессор Ясунори Мизүгүчи, Япон Улсын Киотогийн их сургуулийн дэд профессор, элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч Тошими Кайдо болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох