Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа

Огноо:

,

НИТХ-ын ээлжит XIV хуралдаанд Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм.

Худалдаа, үйлчилгээний харилцааг  зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн  эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт  худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  батлуулан мөрдөж ирсэн. Журамд урьд нь дөрвөн удаа өөрчлөлт орсон бөгөөд энэ удаад Захиргааны ерөнхий хууль  батлагдсантай холбоотойгоор шинэчлэх шаардлага тулгарсан байна. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд журмын төсөл боловсруулах Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллажээ. Мөн дүүрэг бүрд болон нийслэлийн хэмжээнд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 1875 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ.

Шинэчилсэн журам 10 бүлэг, 110 заалттай бөгөөд өмнөх журамд зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 39 ангиллыг энэ удаад шинэчлэн багтааснаараа онцлог юм. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спининг, аэробикийн төвүүд/, спорт заал, спорт талбай, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, хумс засал зэрэг үйлчилгээнүүдийг багтаажээ. Худалдааны салбарын тухайд их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет, үзэсгэлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн олон төрөлтэй болсныг бүгдийг оруулсан байна. Мөн өмнөх журамд орхигдсон нүдний шилний  захиалга засвар, цаг засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалт нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь оршин сууж байгаа нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр нийслэлд худалдааны 7230, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789 аж ахуйн нэгж, 90 тоглоомын төв, 374 чийрэгжүүлэх болон бялдаржуулах клуб, соёл урлагийн 30 байгууллага ажиллаж байна. Эдгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн давхардлыг арилгах, тавигдах шаардлага, хүлээх үүргийг зааглан тодорхой болгосон гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцолсон.  

Энэхүү нийтлэг журмыг баталснаар худалдаа, үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бий болж, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхийн дээр тус салбарт доголдож буй дутагдлуудыг арилгахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн үйлчилгээний соёл дээшилж, зохистой хэрэглээг дэмжихийн дээр хүн амын хэрэглэж буй хүнсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн дөхөм болох юм гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдэж байлаа. НИТХ-ын төлөөлөгчид нийтлэг журмыг зүйл заалт бүрээр нарийвчлан хэлэлцэж, холбогдох албаныхнаас асуулт асуун, санал бодлоо уралдуулсан юм.

Удтал  хэлэлцсэний дараа “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Нөөцийн мах бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэлх бүх шатны хяналт сул байсныг Засгийн газрын хуралдаанаар онцолсон байна. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Гэвч хаврын улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 720 тонн махыг нийлүүлээгүй байна. Мөн 3203 тонн махыг цахим төлбөрийн баримттай борлуулсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ.

Иймд нөөцийн махны бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулах Засгийн газрын тогтоол баталсан байна.

Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг Сангийн яам наймдугаар сард багтаан бэлэн болгоно. Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, бүртгэлийг ил тод болгох юм.

2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар худалдаанд гаргах нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваг онцгойлон анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Мөн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэж үзжээ.

Иргэд агуулах, үйлдвэрээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид борлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох