Улстөр нийгэм
Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Гэр бүлийн асуудал нэг талаасаа хувь хүмүүсийн хичээл зүтгэлээс хамаарах боловч нөгөө талаасаа төрийн бодлого хайр халамж, анхаарлынх нь төвд байх ёстой чухал асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, сонирхол, харилцаа, хөгжил хамгааллыг төрөөс хамгаалан ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн” гэлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийн захирал М.Алтансүх “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгаа” сэдэвт илтгэл танилцууллаа. Өнөөгийн гэр бүлийн бүтэц, хэв маягт дан гэр бүл буюу эхнэр, нөхөр, үр хүүхдийн хамт амьдардаг хэлбэр давамгайлж байгаа аж. Гэхдээ нийгмийн харилцаа, эдийн засгийн нөлөөллөөс үүдэлтэй нийлмэл гэр бүлийн бүтэц тодорхой хувийг бүрдүүлсэн хэвээр байгааг илтгэлд дурдсан. Иймд гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улмаар өрхийн орлого нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарал хандуулах нэн шаардлагатай байгаа гэв. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион байгуулахгүй бол оюуны хэрэгцээ буюу сурч хөгжих, үр хүүхдэдээ анхаарах нөхцөл бүрдэхгүй гэдгийг судалгааны дүнгээс харж болох аж. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг багасгахад тэдний анхдагч хэрэгцээгээ хангахад дэмжлэг үзүүлэх асуудал нэн тулгамдсан асуудал болжээ.
Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 13.5 хувь нь хамтран амьдардаг бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байлаа. Гэр бүлийн энэхүү хэлбэр нь 2004 оны “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал судалгаа"-нд мөн 12.8 хувийг эзэлж байсан байна. Өөрөөр хэлбэл тус судалгаанаас хойш 14 жилийн хугацаанд хамтран амьдарч буй гэр бүлийн тоо дорвитой буурсангүй. Тэдний хоёр хүн тутмын нэг нь бүртгүүлж амжаагүй гэсэн ерөнхий шалтгаанаар гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй гэсэн бол 11.8 хувь нь шилжих хөдөлгөөн хийлгээгүй, 9.6 хувь нь өмнөх эхнэр, нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулаагүй, 7.7 хувь бусад шалтгааныг дурджээ. Харин 16.5 хувь нь ямар ч шалтгаан байхгүй гэсэн бол 3.3 хувь нь хариулахаас татгалзсан байна. Гэр бүлийн хамтран амьдрах хэлбэрийн практикт ажиглагддаг нэг асуудал бол гэр бүлийн хамтын амьдрал төгсгөл болох үед эд хөрөнгө, үр хүүхдийн харилцаанд хариуцлага үүрэх явдал нэлээд эргэлзээ, сөрөг үр дагаврыг эрх зүйн болон нийгмийн харилцаанд авчирдаг тул зайлшгүй зохицуулалт шаардсан нийгмийн үзэгдэл болохыг экслертүуд онцлон дурдсан байна.

2018 онд судалгаанд хамрагдсан гэр бүлийн 22.7 хувь нь гэр бүлийн үнэт зүйлийн нэг бол шударга ёсыг эрхэмлэх гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 (31.6%) нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулсан байна. Харин хүчирхийллийн хохирогчдын 239 (37.4%) эрэгтэй, 400 (62.6%) эмэгтэй байлаа. Хүчирхийлэлд өртөгчид бие махбодын (51.2%), сэтгэл санааны (44%), бэлгийн (4.4%) хүчирхийлэлд өртсөн байна. Хүйсийн хувьд 239 (37.4%) эрэгтэй, 400 (62.6%) эмэгтэйчүүд байжээ. Хүчирхийллийн хохирогчдыг харьцуулбал, бүхий л хэлбэрт эмэгтэйчүүдийн өртөх байдал эрэгтэйчүүдийг бодвол илүү байгааг судалгааны дүнгээс харж болно хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийн захирал М.Алтансүх илтгэлийнхээ үеэр танилцуулав. Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал (41.4%), согтууруулах ундааны хэрэглээ (15.7%), хүүхдийн асуудал (15.3%), өр зээл (13.9%), үээл бодлын зөрчлөөс (11%) үүдсэн байна. Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр нөхрийн (79.9%), эцэг, эх болон хүүхдүүд (19.1%), хадмууд болон хүргэн, бэрүүдийн (7.1%) хооронд үүсдэг байна.
Ийнхүү хуулийн төсөл болон илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг байна. Иймд хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа бодит асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзсэн байна.
- Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
- Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ.
- Гэр бүлийн харилцааны олон талт, түвэгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана.
- Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана.
Хуулийн төсөл 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул хуулийг ийнхүү шинэчилэн найруулсан байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2023/05/15
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/12/28
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2020/04/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Урлаг спорт2020/05/14
“Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг танилцуулах хэвлэлийн...
