Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсад 130-140 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нүүрсний мафийн хэрэг

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогоо зарлаж, “Боомтуудын боймыг тайлна” гэж мэдэгдээд байгаа Л.Оюун-Эрдэнэ гэхдээ боомт дээр үүрлээд байгаа авлига, хулгай, хил дамнасан мафижсан бүлэглэлийн үйл ажиллагааг анхааралдаа авч, таслан зогсоох байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.

“Ханбогд инженеринг” ХХК-тай холбоотой хулгайн хэрэгт 10 гаруй хүнийг шалгаж байна
 
Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд нүүрс ачсан 10 машин ямар нэг бүртгэлгүй гарсан нь ГЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илэрчээ. Ойролцоогоор 1000 гаруй тонн нүүрс гэсэн үг. ГЕГ-аас уг үйлдлийг АТГ, ТЕГ, ЭЦА-нд шилжүүлсэн байна.
 
Уг нүүрсийг Цагаан хад дахь “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан Гашуунсухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан нарын арваад хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна.

Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлах байцаагч Д.Эрдэнэбаярын хувьд “Уг хэргийг би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлгийг өгч буй аж.

Тиймээс хууль хяналтынхан гаалийнхнаас гадна Гашуунсухайт дахь хилийн шалган нэвтрүүлэх заставынхан, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгахаар болж буй бололтой.

Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, тэндээс Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг бүрэлдэхүүн, АТҮТ-ийн удирдлага, тус төвийн Цогтцэций сум дахь салбарынхан гээд хөвөрнө.

Хамгийн гол нь Монгол Улсын хилийн боомтоор ямар нэг бүртгэлгүй нүүрс ачсан машинууд нэвтрээд байна гэдэг бол ганц нэг алба хаагчийн хийх ажил биш. Тэр ч байтугай дан ганц манай улсын ийм нөхдүүд ч амжуулахгүй юм байна.

Ерөөс, шуудхан хэлэхэд Монгол Улсын хил, гааль, цагдаа, АТҮТ-ийн ажилтнууд үүнд ямар нэг байдлаар оролцож, цааш гараад Хятадын Баяннуур талд хүлээж аваад нэвтрүүлдэг сүлжээ байна гэсэн үг.

БНХАУ-ын цагдаагийнхан Эрээн боомтын гаалийн дарга, ажилтнуудыг баривчилжээ
 
БНХАУ-ын цагдаагийнхан Монгол Улстай хиллэдэг Эрээн боомтын гаалийн дарга, ажилтнуудаа авлигын хэргээр баривчилсан тухай мэдээлэл гарч эхэллээ. БНХАУ-ын Хилийн цэргийн байгууллагаас манайхны авсан мэдээллээр Ханбогд инженеринг компанийн талбайгаас 445 машин нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй гэдэг урьдчилсан тооцоо гаргажээ.  Энэ тооцооноос харвал 60 мянга орчим  тонн нүүрс БНХАУ руу гаргасан гэх үйлдэл дээр эрүүгийн хэрэгт холбогдуулан цөөнгүй хүнийг шалгаж байгаа бололтой.

Нүүрсний мафийн толгойлогч “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан гэж хэн бэ?
 
Хулгайгаар гарсан нүүрсний бодит хохиролыг урьдчилсан байдлаар тооцсон тооцоог хуулийнхан гаргаад байгаа юм. Гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй, Монгол Улсын төсөвт орлого болж орох байсан АМНАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татварт төвлөрөх ёстой байсан мөнгө зохих ёсоор төлөгдөөгүй. Эндээс  учирсан хохирлыг 130-140 тэрбум төгрөг хэмээх тооцоолол гарч байгаа ажээ.

Нүүрсний мафийнхан гэдэг хил дамнасан сүлжээг гол зохицуулагч, толгойлогч нь “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан гэнэ. Цагдаа нар  “Ханбогд инженеринг” компанийн гаалийн хяналтын бүсийн талбайн зөвшөөрлийг түр хаасан байна. Тус компанийн захирал О.Энх-Амгалан болон ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Мөнхбаяр гэх менежер нь хэрэг бүртгэлтийн шатанд гадагшаа оргон зайлжээ. Гаалийн байгууллага буруутай гэж үзсэн зарим албан хаагч, албан тушаалтныг халж, чөлөөлсөн юм. Нүүрсийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлсний дараа цааш нь борлуулдаг байсан Өвөрмонголын иргэний талаар ч маш ноцтой мэдээлэл хуулийнханд ирээд байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох