Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо Ажлын хэсгийн мэдээлэл сонслоо

Огноо:

,

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.

Ажлын хэсгийн мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.

Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Орон нутгийн уул уурхайн компаниудад нийлүүлж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд туршлага солилцуулах зорилгоор уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалтыг хоёрдугаар сард Канад улсын “Мerit” төсөлтэй хамтран зохион байгуулсан. Уг уулзалтад таван аймаг дахь уул уурхайн компаниуд, аймгуудын Хүнс, хөдөө, аж ахуйн газрын төлөөлөл оролцсон. Уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн туршлага хуваалцах уулзалтыг гуравдугаар сард мөн төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.14-т “Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу уул уурхайн томоохон компаниудын худалдан авалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр нэр бүхий 14 уул уурхайн үйлдвэр эрхлэгчдэд хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлсэн гэж мэдээллээ. Уг ажлын хүрээнд “Оюу толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзалт хийжээ.

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021”, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021”, “Улаанбаатар түншлэл-2021” зэрэг нэгдсэн арга хэмжээнээс гадна олон улсын форум, үзэсгэлэн арга хэмжээг цахимаар болон танхимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 570 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож, гурван тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн аж.

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжилт олгох хуваарь болон зээл олгох салбар чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулахаар ажиллаж байна гэлээ.

Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих, орон  нутгийн  түүхий  эдийн  нөөц,  эрэлт,  хэрэгцээг  харгалзан  кластераар  бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургууль, Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсгээс үндэсний болон орон нутгийн кластеруудын өрсөлдөх чадварын судалгаа, кластерын ангилал тодорхойлох аргачлал тодорхойлох шинжилгээг хийж, судалгаанд үндэслэн кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэл, кластерын ангилал тооцох журмын төслийг боловсруулсан гэж мэдээллээ.

Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор 2021 онд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 1.8 их наяд төгрөгийн зээлийг 18.000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид  олгожээ. Тухайн зээлээр 125 мянган ажлын байр хадгалан үлдсэн байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох, зээлийн зориулалт, зээлдэгчид тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тодотгосон юм.

Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал,  цар тахлын улмаас сүүлийн хоёр жил бид том сорилтыг тууллаа. Зарим улс энэ үед дотоодын үйлдвэрлэлээ сэргээсэн, хөгжүүлсэн  гэсэн мэдээлэл байна. Хил, гааль хаалттай байсан энэ цаг үед импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжсөн байх. Манай улсад чухам ямар чиглэлийн үйлдвэрлэлээ сэргээж чадав хэмээн лавласан. 

Тэрбээр, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг банкаар дамжуулан олгох систем бүрдсэн байгаа. Цаашид санхүүжилтийн асуудлыг ямар замаар явуулбал зохилтой вэ. Донор орнуудаас хэрэгжүүлж байсан зорилтот хөтөлбөрийг судалж, үндэсний хэмжээний зорилтот хөтөлбөрийг баталж, банкны системтэйгээ тохиролцоонд хүрч, батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэлбэрээр ЖДҮ-ийг дэмжих эх үүсвэр нэмэгдэх бололцоо байна гэж харж байна. Энэ талын тооцоо судалгаа байна уу гэж асуусан.

Том компаниудтай хамтран жижиг, дунд үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлэх судалгаа хийгдсэн зүйл байгаа юу. Том үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүний бэлдэц, зарим технологийн дамжлагуудыг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг байвал энэ салбар тогтвортой хөгжих боломж гарах байх хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тодруулсан.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, цар тахлын улмаас хил, гааль хаасантай холбоотой дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагыг бид судалж үзсэн. Ингэхэд төрөөс дэмжлэг авсан салбарууд нэлээд хөгжсөн байна. Монгол Улсын хувьд энэ хугацаанд хүнс үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээ илүү хөгжиж, орлого нь нэмэгдсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хоёр зам бий. Нэг нь банкаар дамжуулах, нөгөө нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан олгох. Олон улсын туршлагаас харахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан буюу энэ бүтэцээр дамжуулж  банкны өндөр шалгуурыг хангахгүй гарааны бизнес эрхлэх гэж буй хүмүүст тодорхой дэмжлэг үзүүлдэг юм байна. Арай томоохон хэсэг буюу банкны шаардлага хангаж байгаа аж ахуйн нэгжүүд банкаар дамжуулан зээлээ аваад явж байгаа. 10 их наядын хөтөлбөр олон гарааны бизнес эрхлэгчийг хаалгаа барихаас хамгаалж чадсан. Бид энэ хоёр замаар зээл олгож явах нь зөв гэж харж байгаа.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг том компаниудтай холбох, тэдний түүхий эдийг бэлтгэх, зарим үйлдвэрлэлийн дамжлагыг гүйцэтгүүлэх асуудлаар эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн. Кластер гэдэг ойлголт манай оронд шинэ зүйл байгаа. Бид солонгос, японы кластерын хуулийг, мөн амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлдгийг судаллаа.

Сурагчийн дүрэмт хувцсыг манай улсад нэг компани үйлдвэрлээд, маркетингээ хийгээд борлуулалтаа хариуцаад явдаг бол япон, солонгост эсгүүрийг нэг компани, нэг нь зах, нөгөө нь ханцуйг нь оёод, өөр нэг нь савлаад, бас нэг нь маркетинг хийх мэтээр 6-7 компани хамтран ажиллаж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний нэгж хугацааны өртөг багасч, үр ашиг нь нэмэгддэг байна. Энэ бүтцийг монголд оруулж ирэхээр судалж байна. Кластерыг тооцох аргачлалыг эхлээд холбогдох яам батална, дараа нь эх суурь нь тавигдана. Одоогоор журам боловсруулсан байгаа. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Г.Ганболд, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн үлдэгдэл, эргэн төлөлтийн талаар тодруулсан.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газар 2020 оны наймдугаар сард байгуулагдсанаас хойш Хууль, тусгай активын хэлтсийг байгуулж, таван албан хаагчтайгаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 350 орчим зээлдэгчтэй холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.

Сангийн хувьд өнөөдрийн байдлаар 254 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. 2019 онд зөрчилтэй зээлдэгчээс 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн бол дээрх хэлтсийг байгуулснаар 2020 оны 16 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа дэд хорооноос Байнгын хорооны тогтоолыг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхөөр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 44 минут

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ22 цаг 7 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе22 цаг 10 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе1 өдөр.өмнө

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе1 өдөр.өмнө

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе1 өдөр.өмнө

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Санал болгох