Шударга мэдээ
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт боллоо
Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь Хөдөлмөрийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн суурь судлагааг хөгжүүлсэн, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ур чадвар, тогтвортой, бүтээмж өндөртэй ажиллах хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан, бүтээлч шинэ санал санаачлалыг нэвтрүүлсэн, жишиг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний байгууллага болж, МЗХ-ны төв байранд албан ёсоор нээгдэж байна.
Уг арга хэмжээнд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга н.Мянганбуу, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, МЗХ-ны удирдах хорооны гишүүн, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн удирдах зөвлөлийн дарга Д.Ихбаяр, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал П.Хэрлэн нар болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтэй холбогдолтой үйл ажиллагаа эрхэлдэг Төрийн болон ТББ-ын удирдлагууд, хөдөлмөр эрхлэгч залуучуудын төлөөлөл оролцлоо.
Тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь ажлын байрны зуучлалын үйлчилгээ үзүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан болон бүлгийн сургалт явуулах, хувь хүний хөгжлийн сургалтуулыг тогтмол хийх, цагийн ажилд зуулчлах, “Ногоон ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, илгээлтийн эзэн, алтан намар, хөдөлмөр зуслан зэрэг уламжлалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюутнуудад туршлага олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөрийн яармаг, нөлөөллийн төсөл хөтөлбөрүүдийг орон даяар зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг онцгойлон анхаарч зохион байгуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгаа хийх зэргийг нарийвчилан хөгжүүлж, оновчтой шийдэл гаргаж ажиллахаар зорьж байна.

Ингэснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь жилд дунджаар 180-250 залуучуудыг тогтвортой байнгийн ажилд зуучлах, 6300-7500 оюутан, залуучуудыг цагийн ажилд зуучилж, 3000-4000 залуучуудад хөдөлмөрийн зах зээл, ажил, мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө мэдээлэл өгч сургалтад хамруулах, үйлдвэрлэл дээрх сургалтаар 500-600 залуучуудад мэргэжил, илтгэх баримттай болгож ажлын байранд зуучлах зэрэг бодитой, үр дүнтэй, бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Мөн тус төв залуус ажил, үйлчилгээгээ ойртуулж, “Oneday Job” хаанаас ч, хэзээ ч орж ажлын байрны мэдээлэл авч, бүртгүүлж, ажилтай болох боломжийг бүрдүүллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
