Шударга мэдээ
Машин цагийн тарифыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлээс харахад нийт зардалд шатахуун 35 хувь, тос 2 хувь, сэлбэг хэрэгсэл 10 хувь, цалингийн зардалд 29 хувь, НДШ-ийн зардалд 4 хувийг зарцуулжээ. Харин бусад зардал 13 хувийг эзэлж байна.
Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсныг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэв.
Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн автобус 44,024 төгрөг, дунд багтаамжийн автобус 39,676, байгалийн хийн хөдөлгүүртэй автобус 48,924, цахилгаан автобус 45,210 төгрөг байхаар тусгасан байна. Харин угсраа автобус болон троллейбусны тарифт өөрчлөлт орохгүй аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг цахилгаан автобусны хэрэглээг хэзээ нэмэгдүүлэх талаар тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж. Сандагсүрэн “Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхэд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Энэ талаарх ажлын хэсгийг миний бие ахалж, парк шинэчлэлийг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цахилгаан автобусны тухайд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд болон алслагдсан цэгүүдэд цэнэглэгч байгуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож, судалгааг хийсэн. 2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын 50-иас дээш хувийг цахилгаан автобус руу шилжүүлэхээр зорьж байна” гэв.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
