Улстөр нийгэм
Өсвөрийн парламентын хүүхдүүд “Эрүүл хооллолт - эрүүл ирээдүй” хөтөлбөрийг эхлүүллээ
Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн 10 дугаар сард нээлтээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр оролцогч хүүхдүүд цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулахаас эхлээд орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ.

Өсвөрийн парламентын хүүхдүүд энэ удаа зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрөө эхлүүлж байна. Хоёр сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг УИХ-ын ТХЗДХ-ноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТ бусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ТХЗДХ-ны дарга Х.Булгантуяа, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Винод Ахужи, бусад дэмжигч төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг онцгой анхаарах нь чухал гэдгийг тэмдэглээд, ирэх 2023 оноос Үдийн хоол хөтөлбөрт ЕБС-ийн бүх ангийн сурагчдыг хамруулахаар зорьж байгааг дурдлаа. Ахлах ангийн сурагчид өөрсдөө худалдан авалт хийн, мөн дүү нартаа үлгэрлэдэг учраас ухамсартайгаар эрүүл сонголтыг чухалчилж, энэ талаар үнэн зөв ойлголттой байх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолсон юм.

Судалгаанаас үзэхэд, манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9 хувь нь илүүдэл жинтэй, 4,2 хувь нь таргалалттай байна. Түүнчлэн өсвөр үеийнхний 38,5 хувь нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1 хувь нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна 3 хүүхэд тутмын 2 нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэжээ. Ялангуяа өсвөр насныхан өглөөний цайгаа уугаагүйгээс ядрах, дархлаа муудах, анхаарал төвлөрөл алдагдаж, хичээлээ ойлгохгүй байх, таргалах шалтгаан болдгоос гадна ходоодны төрөл бүрийн өвчний үндэс болдог гэдгийг хөтөлбөрийн нээлтэд оролцогч хүүхдүүд сануулж байлаа. Энэ удаагийн уулзалтад хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцож, мөн эцэг эхчүүдийн төлөөлөл гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд эхлээд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол учраас зөв хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр Өсвөрийн парламентын гишүүд ажиллаж байгаа юм байна.

Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
